З.Энхболд: Оюутолгойн II үе манай эдийн засагт ойрын үед жинтэй нөлөө үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-05 09:52:39

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ.

Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ энэ удаагийн чуулган бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулган гэдгийг онцлоод Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг хуулийн дагуу хэлэлцэх ёстой асуудлаас гадна өмнөх чуулганы төгсгөлд баталсан хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд бүгдээрээ, мөн хэлэлцүүлэгт байгаа бусад бүх асуудлыг хэлэлцэнэ гэв.

Мөн Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг дахин хэлье.  Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр Кэйманы арлын офшор бүс дэх “ММС” компани болон түүний охин компани “Энержи ресурс” компанийн өрийн төлбөрт гадны компанид бүрэн шилжих байлаа. Энэ бүхнээс харахад УИХ-ын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараах Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр гаргаж чадсан хэмээн хуралдааныг даргалагч хэлсэн юм.

Түүнчлэн, Монгол Улс их хэмжээний түвшний өрөнд баригдсан мэтээр ярьж буйг тэрбээр залруулаад энэ асуудлыг хөндөж ярихын тулд бусад улс оронтой харьцуулж, олон талын дүгнэлтэд түшиглэн ярих шаардлагатай. Өмнөх жилүүдэд авсан зээл бондын төслүүд нааштай үр дүн авч байгаа ба ирэх жилүүдэд манай улсын өрийн хэмжээ буурах төлөвтэй байгаа. Бодлогогүй, үрж барагдуулах зарчмаар явж ирсэн мөнгөний бодлогоосоо сургамж авч, ХАА, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт явуулсан бодлого мөн эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Ипотекийн зээл иргэдийн ажил хийх сэдлийг сэргээж, нөгөө талдаа эдийн засаг эерэг нөлөө авчирсан. Манай улсын хүн амын дийлэнх нь ХАА-тай салшгүй холбоотой. Энэ салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ Оюутолгойн бүтээн байгуулалтаас мөнгө татах бололцоотой.

Уул уурхайн салбарын бодлогоо тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, нарийвчлан тооцоолж, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь чухал. Дэлхийд хамгийн томд тооцогдох Оюутолгой төслийг  бид хэрэгжүүлж байна. Дор хаяж 100 жилийн настай гэж мэргэжилтнүүдийн үнэлдэг энэ төслийн 2 дугаар үе эхэлсэн нь манай эдийн засагт ойрын хугацаанд жинтэй нөлөө үзүүлнэ гээд энэхүү чуулганы үйл ажиллагаанд УИХ-ын гишүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Б.Туул

 

Related news