Дорноговийн төв Сайншанд хотыг байгуулсан тухай 5 баримт
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Нийслэлээс зүүн урагш 450 км-т буй Дорноговь аймаг нь дорноос өрнийг холбосон авто зам болон төмөр замын хос хөдөлгүүртэй, дэд бүтэц, барилга орон сууц хөгжсөн зүүн урд талаараа БНХАУ-тай хиллэдэг говийн бүсийн аймаг юм.
Аймгийн төв Сайншанд хэмээх эрхэмсэг бас элэгсэг дотно нэр хийгээд хот суурины үүсэл гарвал, хэрхэн буй болсон тухай эрдэмтэн мэргэдийн айлдсан айлдварууд, засаг төрийн бодлого зэрэг цаг хугацааны хувьд зөрүүтэй шийдвэрүүд нь Дорноговь аймгийн төвийг одоогийн Сайншанд хэмээх нэг л газар төвлөрүүлэх тухай байжээ.
1. Ноён Хутагт зөгнөж хэлсэн
нь: /домог, хууч яриа/
Говийн догшин Ноён хутагт Данзанравжаа өөрийн
шавь нарын хамт өнөөгийн Сайншандын
баруун этгээдэд заларч явжээ. Хошуу хутагтын адуун сүрэг одоогийн
Сайншандын баруун хойд дүүрэгт байсан ДалайСайншандаас ундаалдаг байв.
Ноён хутагт Сайн-Усны зүүн урд дахь захын өндөр довон дээрээс /хуучин холбоо байсан дэнж/ хараад мөн ч олон амьтан ундлан амьдрах далайн сав шинжтэй, есийн тоо хэлбэртэй газар байна гэснээ, нам бэлээсээ ямар байх нь вэ хэмээн явж хүүхдийн больниц байсан байшингийн зүүн урд дахь хадан дээрээс хараад ирээдүйд орд хүрээ байгуулагдаж олон хэлийн амьтан тэгш жаргах газар юм гэжээ.
Ингээд хойчийн төвшин жаргалыг нь тогтоох газартай болгож өгье гээд “Равнай” /амь оруулах гэсэн утгатай төвд үг/ өргөсөн гэдэг. Тэгээд худгийн нэрийг Далай Сайншанд, баруун хойд хөтлийг Шамбалын үүд, баруун урд дахь уулыг Эрдэнийн хаалга гэж бэлгэдэн нэрлэжээ.
Энэ түүхийг Чойлингийн хийдэд төрж өсөөд 1937 он хүртэл тэндээ амьдарсан Ц.Балдансамбуу гэх өндөр настнаас зохиолч, яруу найрагч, судлаач Мээрэн овогт Дамдиндоржийн Баатар гуай тэмдэглэн авч “Оршихуйн цаглашгүй мандал” номдоо буулгажээ.
Харин Далайсайншандын баруун хөтлийг Далайн хөтөл хэмээн нэрлэдэг аж. Учир нь Ноён хутагт хөтлийн эхэнд дэр олбогоо тавьж суугаад Салан цавчиг уншлагаа айлдсан гэж хуучцуул ярьдаг аж. Одоо тэр газарт нь тэмдэгт нэгэн чулуу буй гэнэ.Тийм ч учраас өөд бологсдыг Далай хөтлөөр эцсийн замд үдэхдээ сайн төрөлд нь мордууллаа гэж хүмүүс сүсэглэдэг ажгуу.
2. Ноён хутагт зурж үзүүлсэн нь
Бас нэгэн түүх домог өгүүлье.
Цагаан өнгөтэй торгомсог бөсийн гол дунд хар бэхээр нарийнаар зурсан зурагт өрвөн зүгтээ хүйс хаалга бүхий их орд балгадыг нямбайлан дүрсэлжээ.
Тогтоон бүртгэж ажиглавал европын дөрвөлжин өнцөгт байшин, дорнын дэрвэгэр оройт сүм дуганыг холилдуулан хойно өмнө нь оруулан зурж.
Энэ зургийг тухайн үедээ Данзанравжаа гэгээнтэн өөрийн мутраар бүтээж, хожим хойно үүсэн бүтэх
их зам хөлийн хот “Далай Сайншандын төрх байдал” хэмээсэн гэх. Ноён хутагт сүм
хийд байгуулах газрыг сонгон хайж, говиор хөндлөн гулд морилохдоо одоогийн
Сайншанд байгаа газрыг онцлон таньсан байжээ.Тэгээд дэргэдэх хүмүүстээ хандаж:
-Эндэх газрын хөрсөн дор бум олныг ундаалах арвин их ус байна. Гаднах төрхийг шинжвээс монгол бидний бэлгэддэг есийн тооны зөв хэлбэртэй, цав толгодтой юм.
Их хүрээнээс Бээжин хүрэх замын дунд таарах нутаг байна. Ийм оновчит газар хүн зон суурьшиж, хот хүрээ босгох болно гэж айлдсан гэдэг. "Ямархуу хот байхсан бол оо?" гэж хэн нэгнийг лавлахад түүнд хариу болгон хожмын өдөр мөнөөх зургийг үлдээсэн аж. Тэрхүү зургийг Равжаа музейн захирал З.Алтангэрэлийн өвөг эцэг Г.Түдэв агсан хадгалж өдийг хүргэжээ.
3. Домогт газар шинжээч Эрүү хэмээх Доёдын өгүүлсэн нь:
Говь нутагт уран билигт ухаант эмэгтэй Дадишуари, ард олны зүдгүүрт амьдралыг өөрийн
аргаар хөнгөлөхийг зорьсон “Сайн эр” гэгдэх Хилэн хормой, газар шинжээч “Эрүү”
хэмээх Доёд нарын эрдэм ухаан, авьяас
билиг цогцолсон олон мэргэд байжээ.
Тэдний дундаас “Эрүү” хэмээх Доёд газрын байршил, хөрс шороонд нуугдсан алт эрдэнэсийг хараад л хэлчихдэг гойд чадвартай, сонин хүн байсан бөгөөд түүнийгээ уран цэцэн үгээр толгой холбож өгүүлдэг байв.
Энэ тухай Д.Өнөбатын “Домог хууч” яриа номонд дэлгэрэнгүй бий.Энэ чадвар нь ард олны дунд нэр хүндийг олж зарим талаараа өөрийн эзэмшсэн мэдлэг ухаанаараа Ноён хутагтаас давж байсан гэдэг.
Сайншанд хотоос зүүн урагш арав гаруй километрт харагдах Хаалган уулын Таван тулгатад Данзанравжаа гэгээнтэн Чойлон хийдээ байгуулж гол сүмээ бариулсны хойно Доёдоос ямар газарт оноон босгов гэхэд, "Ай ламбугай минь Та таалахдаа бол зэндмэний үзүүрт босголоо гэж бодож байгаа байх. Миний үзэхэд зэсэмийн үзүүрт босгожээ. Нэн удахгүй л болов уу" гэсэн гэдэг. Үнэхээр түүхий тоосгоор алд илүү зузаан өрсөн хана нь цуурч өөр газарт шилжүүлсэн гэдэг.
Доёд Хамар хөөврийн чулууг сүм дуганд хэрэглэхийг хатуу хориглож,Зүүнбаян хөрсөн дороо их эрдэнэтэй, одоогийн Сайншанд байгаа газрыг хожмоо олон хөлийн газар болно. Энэ болгоныг хойч үедээ үлдээхийн тулд нууцлан хайрлаж байх учиртай гэж захидаг байжээ.
4. Хондогын хийдийн лам өгүүлсэн нь:
1920-иод оны дунд үе.Тэр үеийн хошуу тамгын газар таван ханатай хоёр гэрт ажил хэргээ явуулдаг байжээ. Хошуу тамгын газар цаг улирлын байдлыг даган тэмээн хөсгөөр нүүдэллэж Олдох, Шинэ-Ус, Хаданхошуу зэрэг газарт буурь сэлгэсээр Олоншанд хэмээх газар төвхнөөд байсан жил танхимын бүх хүүхэд түүхий өвчинд баригджээ.
Хичээл түр хаагдаж олон хүүхдийг аюулт өвчнөөс хэрхэн салгах тухай сургуулийн захиргаа, хошуу тамгын газрын удирдлага хоорондоо ярилцан, авралын оч сургуулийн галч Лхам гэх бөөд үзүүлэв.
Хүүхэд өвчин тусвал Лхам бөөд үзүүлж эм тан авч уугаад илаарь болчихдог учир ихээхэн найдлага тавьтал итгэл талаар болж бөө гуай өвчнийг аргалж дөнгөсөнгүй. Тэгэхээр нь хошуу тамгын газрын эмчид үзүүлж рашаан, эм уулгаж, утлага угаалга хийсэн боловч өвчнийг анагааж эс чадав гэнэ.
Ингээд арга чарга тасрахын даваан
дээр Хондогын хийдийн нэгэн ламд энэ тухай айлтгаж асуусанд тэр лам мэргэлж үзээд
өгүүлрүүн:
-Нутаг ус зохисонгүй. Улаан Шалсайн хорлол болж гэж айлджээ.Үүний учрыг тунгаавал Хошуу тамгын газар нүүхдээ лам багш нараараа нутаг үзүүлэлгүй дур мэдэн нүүж, онгон дагшин газар бууснаас болсон аж.
Одоогийн аймгийн төвөөс зүүн хойш 40 орчим бээр газарт өцийсөн хадтай улаан овоо байх. Түүнийг Улаан Шалсай гэж урд нэрлэж байсан бөгөөд догшин газар гэж ярилцдаг байсан аж. Лам нарын үзэж байгаагаар хошуу тамгын газар түүнд ойрхон буусан учир түүний хорлол болсон гээд мэргэн лам хошуу тамгын газрыг одоогийн Дорноговь аймгийн төв Далай Сайншанд хэмээх газар буулгаж, гурван хоног хонх дамар тачигнуулж ном хуржээ.
Тэгэхэд одоогийн Сайншандын зүүн хойд дэнжийн зүүн урд өвөрт сор залж байхыг би нүдээр үзсэн хэмээн Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Сономын Лувсан агсан “Туулсан зам” хэмээх дуртгал номондоо эш татсан байна. Тэрбээр дурсамждаа өгүүлэхдээ:
Хондогын хийдийн лам нар өнгө өнгийн цаасаар чимсэн том гурилан балинг гурвалжин гал дотор хаяад энд тэндээс нь жад сэрээгээр хатгаж их л сүржин ёс төртэй шатааж байсан.
Мөн Сайншандын хойд хөтлийг
гүйдэлтэй гэж хөтлийн арыг давуулан “Дой” гэгч мөн л балин тахил, идээ будаа өргөл
барьцын зүйлийг ёс төртэйгөөр аваачиж тавьдаг байсан тухай дурсжээ.
5. Ардын Засгийн шийдвэр гарсан нь:
Монгол оронд ардын хувьсгал ялсан 1921 оны дараахан шинээр байгуулагдсан ардын Засгийн газар засаг захиргааны шинэ өөрчлөлтийг орон даяар зохион байгуулах чухал асуудлыг хэлэлцэж байжээ.
Тухайн үед намын Төв хороо, Засгийн газар энэ талаар тусгайлан бодлого боловсруулж, Манж Чин улсын үеэс нэрлэгдэж ирсэн хуучин хушуудыг татан буулгаж орон нутгийн засаг захиргааны нэрийг оршин байгаа газар усны нэрээр нэрлэж байхаар тогтсон бөгөөд Говь мэргэн вангийн хушууны нэрийг өөрчилж дөрвөн хушуу болгожээ.
Үүнд, Хутаг уулын хушуу дөрвөн сум, 12 баг, 59 арван, 585 өрх, 6107 хүн амтай, Их дулаан уулын хошуу дөрвөн сум, 560 өрх, 11 баг, 56 арван, Боржигины Цэцэн ноён хошууг өөрчилж Оцол сансар уулын хошуу болгон 11 сумтай, Өлзийт уулын хошууг Мандах, Манлай /одоогийн Өмнөговь аймгийн/ Баясгалант зэрэг сумтай байгуулав.
Өөрөөр хэлбэл улсын засаг захиргааг шинэчлэн сумдыг томсгосон байна. Хувьсгалаар олж авсан эрх чөлөөгөө эдэлж, төр улсынхаа үйл хэргийг харийн биш өөрийн хүсэл зорилгоор жолоодон, нэгдмэл нэгэн бодлогоор улс гүрнээ төвшитгэх зорилго бүхий засаг төрд хуучин цагийн засаг захиргааны тогтолцоо төдийлэн тохиромж муутай байжээ.
Шавь, отго, цаашлаад хошуу ноёдуудын мэдэлд харц ардууд айл өрхөөрөө, гэр бүлээрээ өмчлөгдсөн байсан тул тэдний аж ахуй эрхлэлт, мал хөрөнгийг үнэн зөвөөр бүртгэх, эдийн засгийн судалгаа хийх, ядуу айл өрхүүдийг бүртгэх, эх орноо батлан хамгаалах эр цэрэг элсүүлэх зэрэг ажил нэн түвэгтэй нөхцөлд явагдаж байв.
Нөгөө талаар говь, хангай нутгийн газарзүйн байршил, бүс нутгийн онцлог, нүүдэл суурьшил болон нэгэн хэвийн амьдрал дунд дассан ард иргэд хуучин засаг захиргаагаа эргэн санагалзах, тэдэндээ үнэнч үлдэх, ардын засгийн бодлогыг эсэргүүцэх зэрэг сөрөг үр дагавар гарсаар байсан тул аймаг байгуулах ажил нэлээд сунжирчээ.
Гэлээ ч хуучин байгаа засаг захиргааг нэн түрүүнд өөрчлөх, жижигрүүлэх шаардлага
бодит амьдралаас урган гарсны дагуу аймаг байгуулах ажлыг ардын засгийн
газар яаравчлан эхлүүлжээ. Учир нь ард түмний
олон зуун жилийн хоцрогдлыг арилгаж нийгэм эдийн засаг, соёл гэгээрлийн ажлыг
шинээр зохион байгуулах зайлшгүй
шаардлага тэргүүн зорилт болж байв.
1930 онд Төв хороо, Засгийн газрын боловсруулсан улсын Бага хурлын тэргүүлэгчдийн газрын 1931 оны 2 дугаар сарын 7-ны 5 дугаар тогтоолоор таван аймаг ба хушуудыг татан буулгаж 13 аймаг шинээр байгуулах тогтоол гаргав.
Энэхүү шийдвэр ёсоор Дорноговь аймгийг эмхлэн байгуулах тухай асуудал хэлэлцсэн ардын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 1931 оны 5 дугаар сарын 20-23-ны хооронд одоогийн Алтанширээ сумын нутаг Сайн-Усны баруун дэнж дээр хуралджээ.
Их хуралд 23 сумаас сонгогдсон төлөөлөгчдөөс гадна Сулинхээр, Замын-Үүд, Дарьгангын цэргийн ангийн болон нам, эвлэлийн хороо, үйлдвэрчний товчоо, хамтралын төлөөлөгчийн газар, шуудан хороо, 18 дугаар коператив, бага сургуулийн төлөөлөгчдийг урьж оролцуулжээ.
Их хурал аймгийн байгуулалтын түр хороог татан буулгаж, аймгийн
яамыг байгуулснаар Монгол орны зүүн өмнөт хязгаар нутагт Дорноговь аймаг
байгуулагдлаа.
Тэр үед аймаг төвлөрч байсан Сайн-Ус нь Хүрээ Жанчхүүгийн замд орших авто тээврийн нэгэн дэн буудал байв. Дорноговь аймгийг төвхнүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газрын комисс аймгийн төвийг Сайн-Уснаас Их дулаанд шилжүүлэх санал гаргасан ч төлөөлөгчид удтал хэлэлцээд барилга барих шавар шороо, шохойн чулуу, тэр үед байсан худаг ус, газрын нөмөр нөөлөг зэрэг олон давуу чанарыг харгалзан Далай Сайншандад төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн ажгуу.
Шилжүүлэх шалтгаан нь тал газар учир салхины хамгаалалтгүй,түлшний бэлтгэл ойргүй, хамгийн ойр бүхий чулуун нүүрстэй газар нь 60-65 км хол, Сайн-Ус нь аймгийн нутгийн зүүн хойд Эрээн цав хэмээх газарт байх учир ард олонтой харилцах, элдэв хэргийг залгуулахад бэрхшээлтэй.Харин Сайн-Уснаас баруун урагш 35-40 км орших Их дулаан хэмээх газар шилжүүлэх тухай дурджээ.
Их дулаан уулын хошуу Далай сайншандад төвлөрч байсан учир Сайншандыг Их дулаан гэж нэрлэдэг байв. Комиссын саналд Далай Сайншандыг тодорхойлохдоо салхины хамгаалалт сайн,барилгын хэрэглэгдэхүүн ойр, гурван худагтай, улаан шороо, шохой барилгын цайвар ногоон чулуутай, 10-км газар Хаалга хэмээх уултай, заг мод нэгэн өртөө газар үргэлжлэн ургасан, газар нь тал учир уурын тэрэгний зам гаргаж болно гэх зэргээр дурдсан байдаг.
Энэхүү саналыг хүлээн
аваад хэлэлцсэн Засгийн газрын эрхлэх товчооны 1931 оны есдүгээр сарын 17-ны 44 дүгээр тогтоолын дагуу Дорноговь аймгийг Их дулаан буюу одоогийн Сайншандад
суурьшуулахаар заасан төдийгүй Их дулаанд байх хоёр туйпуун байшингийн нэгийг
цэргийн ангид хэрэглүүлж, шинэ төвийг хамтатган цахилгаан утсыг цэргийн
газартай хүч нийлүүлэн хавсарч гүйцэтгэхийг шуудангийн хороонд даалгаснаар 1931
оны сүүлчээр аймгийн яам болон бусад олон байгууллагыг тэмээн хөсгөөр нүүлгэн
Далай-Сайншандад төвлөрүүлжээ.
Дорноговь аймгийн төв нь Олдох, Олоншанд, Шинэ-Ус, Хаданхошуу зэрэг олон газар нүүж байрлаж байсан боловч тухайн газар нутгийн байдал тийм ч сайн биш, удаан байх боломжгүй учраас нүүж явсаар 1931 онд Сайншандад суурьшсан нь зургаа дахь төв ажээ.
Дорноговь аймаг 23 сум, 415 хорин, 8300 өрхтэйгөөр эмхлэн байгуулагдсан бөгөөд аймгийг эмхлэн байгуулах Засгийн газрын төлөөлөгчөөр Эрэндаваа, аймгийн даргаар Халх голын бүдүүн дуут гэгдсэн Л.Баярсайхан нар томилогдож байв.
Дорноговь аймгийг байгуулах түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэхээр орон нутагт томилогдон ажилласан ажлын хэсэг аймгийн анхны дарга Баярсайхан, Сулинхээр, Замын-Үүд, Дарьгангын цэргийн ангийн болон нам, эвлэлийн хороо, үйлдвэрчний товчоо, хамтралын төлөөлөгчийн газар, шуудан хороо, 18 дугаар коператив, бага сургуулийн төлөөлөгчид бол өнөө үед үл мартагдах түүхэн үйл явдлын эзэд аж.
Ийнхүү
Ноён хутагтын зөгнөл, “Эрүү” хэмээх Доёдын яриа, Хондогын хийдийн эрдэмтэй
ламын айлтгал, Ардын засгийн шийдвэр зэрэг цаг хугацааны хувьд хоорондоо зөрүүтэй эдгээр баримтуудыг тунгааж үзвэл Дорноговь аймгийн төв
Сайншанд хот нь Далай Сайншанд хэмээх эл газарт эртний ерөөлөөр
өрхөө татаж, голомтоо бадраах учиртай байжээ.