Өнгөт чулуу түүдэг иргэд Засаг даргатай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-30 19:34:13

Байгалийн өнгөт чулуу түүж, олборлодог иргэдийн хүссэний дагуу өнөөдөр аймгийн Засаг дарга тэднийг хүлээн авч уулзав.

Өнгөт чулуу түүж, газар төнхөн олборлож байгаа нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн үйлдэл тул иргэдийн энэ үйлдлийг таслан зогсоохоор Цагдаа, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газрын хамтарсан хяналт шалгалт үргэлжилсээр байгаа юм. Хяналт шалгалтаар чулуу олборлогч иргэдийг саатуулж, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч торгуулийн арга хэмжээ ногдуулж байгаа бөгөөд үүнийг иргэд буруушааж байгаагаа Засаг даргад илэрхийлсэн. Ажлын байр байхгүй, ажил олдлоо гэхэд нас, царай зүсээр хязгаарладаг, цалин бага, жижиг дунд бизнесийн төсөл бичиж хөнгөлөлттэй зээл хүсдэг ч олддоггүй, хүүхдээ хоолгүй хонуулах дээрээ тулж байхад байгаль дээр бэлэн байгаа юмыг түүж орлого олохгүй гээд яах юм бэ? Хулгай хийж байгаа хэрэг биш гэдэг асуудлыг иргэд тавьж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөсөнтэй дүйх  торгуулийг төлж чадах хүн бидний дунд байхгүй. Торгуулиа олох гэж чулуугаа л түүхээс аргагүйд хүрч байна гэх зэргээр иргэд бухимдлаа илэрхийлж байв.

МХГ-ын Байгаль орчны улсын байцаагч Р. Цэрэндорж хэлэхдээ, Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 буюу бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэн хайх, ашиглахыг хориглосон бөгөөд байгалийн өнгөт болон үнэт чулуу түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх тухай заалтыг зөрчиж байгааг иргэдэд тайлбарласан. Хэрвээ хууль зөрчвөл энэ хуулийн 66.1.1 буюу тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, ашигт малтмал олборлосон, борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, уг этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай заалтаар хариуцлага тооцох учиртайг ойлгуулсан юм.

Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ заалтаар арга хэмжээ авсан тохиолдол гараагүй байна. Ийм өндөр торгууль ногдуулах нь мэдээж иргэдийн амьдралд маш хүнд тусна гэдгийг бид ч бас ойлгож байгаа учраас та бүхэн хуулийн хариуцлага ийм чанга гэдгийг ухамсарлаж, буруу үйлдлээ зогсоох нь зүйтэй гэдгийг уулзалтад оролцсон төрийн албан хаагчид ч учирлаж байв.

Чулуу түүхээс өөрөөр амьдрал ахуйгаа авч явах арга чарга олон бий. Тэр аргыг хамтдаа бий болгоё. Мэргэжил олгох ямар сургалтад хамрагдмаар байна, юу хийж чадах, ямар ажил хэрэгтэй байна, тэрийгээ тодорхойлж зорилго болго. Бид тодорхой ажил зохион байгуулж, анхаарал хандуулъя гэдгийг  аймгийн Засаг дарга иргэдэд хэлж, иргэдтэй санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Засаг дарга хэлэхдээ, ирэх долоо хоногт иргэдтэй дахин уулзахаа илэрхийллсэн юм. Ингэхдээ иргэд ажлын байртай болоход чиглэсэн тодорхой саналтайгаар уулзахаар болов.

 Т. Отгонтуяа

Related news