Конвенциудыг Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх заалтуудтай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-28 14:39:19

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш нээлтээ хийнэ. Хуралдаанаар Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, мөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр  төлөвлөөд байгаа юм.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх эдгээр асуудалтай холбогдуулан өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд энэ үеэр дээрх конвенциуд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх заалтуудтай гэдгийг анхаарч, УИХ хуулиудыг батлахгүй байх нь улсын эрх ашигт нийцнэ хэмээн үзэж байгааг хэллээ. Тухайлбал, 1997 оны Венийн конвенцийн 11 дэх заалтад, “Цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх...” гэсэн томьёолол байдаг. Энэ нь уран экспортолсон тухайн улс өөрөө цөмийн ашигласан түлш буюу цөмийн хаягдлаа буцааж авах үүргийг олон улсын гэрээ конвенцоор хүлээдэг. Тэгвэл манай улс Францын "Арева" компанид ураны ашиглалтын гурван лиценз олгосон, ирэх оноос уран экспортлохоор ажиллаж байгаа. Иймээс нутаг дэвсгэр дээрээ уран булшлах болоод байна гэсэн тайлбарыг энэ үеэр хийж байв.

Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө үндэсний хөдөлгөөний тэргүүн Л.Солонго, “Гурав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 31-нд Вашингтонд цөмийн аюулгүй байдлын олон улсын дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Уулзалтыг тохиолдуулан яаруу сандруу чуулган зарлаж байгаа нь өөрөө маш их хардлага төрүүлж байна. Маргааш өглөө гэхэд хуулийн төслүүд УИХ-ын гишүүдийн ширээн дээр тавигдана. Олон улсын конвенц учраас шууд анхны хэлэлцүүлгээр нь баталж болзошгүй” гэлээ. Түүнчлэн эл асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй байхыг нийт улс төрчдөд уриаллаа.

Э.Бат-Уянга

Related news