Брюсселийн нисэх буудлаас дахин тэсрэх төхөөрөг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-23 10:11:13

БРЮССЕЛЬ. /TASS/. Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудлаас цагдаа нар дахин тэсрэх төхөөрөмж илрүүлсэн байна. Энэ тухай “Belga” агентлаг цагдаа нарын мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, нисэх буудлыг дахин бүслэн хааж, саперчид нисэх онгоцны буудлаас олдсон гурав дахь тэсрэх төхөөргийг аюулгүй болгосон байна.

Үүнээс гадна, “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, цагдаа нар Брюссель хотын нэгэн дүүрэгт нэгжлэг хийх үеэрээ “Лалын улс” бүлэглэлийн далбаа болон тэсрэх төхөөрөмж илрүүлжээ.

Бельгийн эрх баригчид урьд нь Брюсселийн нисэх буудлаас гурав дахь тэсрэх төхөөрөмжийг илрүүлснийг нотолсон байна. Үүнээс өмнөхөн цагдаа нар дэлбэрээгүй амиа золиослогчийн бүс нисэх буудлаас илрүүллээ гэж мэдээлжээ.

Нисэх буудал дор хаяж гуравдугаар сарын 24-нийг хүртэл хаалттай байх тухай мэдээллийг цагдаа нар мягмар гарагийн үдээс хойш нийтэлсэн байна.

Бельгийн нийслэл хотод мягмар гарагийн өглөө цуврал халдлага үйлдсэн юм. Брюсселийн нисэх буудалд Америкийн агаарын тээврийн “American Airlines” компанийн бүртгэл хийж байсан хэсэгт хоёр дэлбэрэлт болжээ. Бас нэг дэлбэрэлт тус хотын метронд болсон байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас наад зах нь 34 хүн амиа алдаж, 200 орчим хүн гэмтэж шархаджээ.

Дэлбэрэлтүүдийн хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээсэн байна.

Д.Жаргал

 

Related news