Ус савладаг компанийн эзэн Хятадын хамгийн баян хүн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-30 15:49:24

БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 30 /Anadolu/. Хятадын савласан усны томоохон компани болох “Nongfu Spring” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жун Шаньшань энэ жил 74.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Хятадын хамгийн баян хүн болсон тухай “Hurun” судалгааны хүрээлэн мэдээлжээ. 


Ж.Шаньшань 2020-2023 онд “Hurun”-ы баян хятадуудын жагсаалтыг тэргүүлж байсан боловч 2024 онд “TikTok”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жан Иминд тэргүүн байраа алдсан юм. Өдгөө 70 настай Ж.Шаньшань хөрөнгөө өмнөх оны мөн үеийнхээс 56 хувиар өсгөжээ. Тэрбээр 2020 онд цахим худалдааны салбарт тэргүүлэгч компани болох “Alibaba”-гийн үүсгэн байгуулагч Жек Маг гүйцэж түрүүлснээр жагсаалтын тэргүүн байрт бичигдэж байв.


Харин өнгөрсөн онд Хятадын хамгийн баян хүнээр тодорч байсан Жан Имин энэ жил 66.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр хоёрдугаарт орсон байна. АНУ-ын Конгрессоос “TikTok”-т Америкт үйл ажиллагаа явуулах эрхээ шилжүүлэх эсвэл аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаас үүдэн тус улсад үйл ажиллагаа явуулахаа зогсоох шаардлага тавиад байгаа юм. Тус компанийг Америкийн түншүүдийн консорциумд шилжүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн нь Жан Иминийг Хятадын баячуудын жагсаалтад тэргүүлэх байр сууриа алдахад хүргэжээ.


“TikTok”-ийг Ларри Эллисон, Майкл Делл, Руперт Мердок, түүний хүү Лахлан Мердок нарын удирдсан консорциумд худалдана гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Ингэснээр “TikTok”-ийн Америк түншүүд компанийн 80 хувийг эзэмшиж, эцэг компани “ByteDance” нь 20-иос илүүгүй хувийг эзэмших төлөвтэй байна.


Тэгвэл Хятадын технологийн конгломерат “Tencent”-ийг үүсгэн байгуулагч Пони Ма Хятадын баячуудын дунд 65.4 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтын ​​гуравдугаарт бичигдсэн бөгөөд түүний хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 48 хувиар өссөн байна.


“Hurun” судалгааны хүрээлэн 1999 оноос хойш Хятадын эх газар, Хонконг, Макао, Тайванийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн талаарх мэдээллийг эмхлэн танилцуулж байгаа юм. Энэ онд 700 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 1434 хүн жагсаалтад багтсан нь өнгөрсөн оныхоос 31 хувиар өсжээ.


Мөн жагсаалтад багтсан баячуудын нийт хөрөнгө 4.2 их наяд ам.долларт хүрснээр өнгөрсөн оныхоос 42 хувиар өссөн байна. “Hurun” хүрээлэнгийн дарга, тайланг гаргасан ахлах судлаач Руперт Хугеверфийн хэлснээр, Хятадын хөрөнгийн зах зээл өсөж, шинэ технологийн бизнес эрхлэгчид гарч ирснээр энэ жилийн жагсаалтад шинээр багтсан компаниудын тоо эрс нэмэгджээ. 

 


Related news