"Шэнжөү-21" хөлгийн багийн гишүүдийг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ЖЮЧУАНЬ, 2025 оны аравдугаар сарын 30 /Xinhua/. Хятадын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас /CMSA/ “Шэнжөү-21” жолоодлогот хөлгийн багийн гишүүдийг танилцууллаа.
Багийн бүрэлдэхүүнд сансрын нисгэгч Жан Лу, У Фэй, Жан Хунжан нар багтсан бөгөөд хөлгийн даргаар Жан Лу ажиллана.
Сансрын хөлгийг баасан гарагт Бээжингийн цагаар 23:44 цагт Хятадын баруун хойд нутагт орших Жючуань сансрын хөлгийн буудлаас хөөргөнө гэж CMSA-гийн албан ёсны төлөөлөгч Жан Зинбо мэдээлсэн байна.
Сансрын хөлгийн жолооч, бүхээгийн инженер, ашигтай ачаалал хариуцсан мэргэжилтэн болох эдгээр гурван сансрын нисгэгч нь Хятадын сансар судлалын гурван үндсэн төрлийг төлөөлж байгаа аж.
Жан Лу “Шэнжөү-15” хөлгөөр нисэж байсан бол Хятадын гурав дахь үеийн сансрын нисэгчдийн төлөөлөл болох У Фэй, Жан Хунжан анх удаа сансарт ниснэ.
Тойрог замд үүрэг гүйцэтгэх сансрын нисгэгчээр сонгогдохоосоо өмнө У Фэй Хятадын Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацийн харьяа Хятадын Сансрын технологийн академид инженерээр ажиллаж байсан бол Жан Хунжан нь Хятадын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Далянь дахь Химийн физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байжээ.
“Шэнжөү-21” хөлгийг Хятадын “Тяньгүн” тойрог замын сансрын станц руу CZ-2F /Чанжэн-2-эф/ зөөгч пуужингаар хөөргөнө. Одоо тус станцад "Шэнжөү-20" хөлгийн багийн гишүүд болох Чэн Дун /хөлгийн дарга/, Чэн Жунжуй, Ва Же нар ажиллаж байгаа юм. Тэд дөрөвдүгээр сарын 25-нд тойрог замын станцад ирсэн бөгөөд удахгүй эх дэлхийдээ буцаж ирнэ.
Ulaanbaatar