Монголын "The Hu” хамтлагийн дуу АНУ-ын рок дууны хандалтыг тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-08 11:40:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондогийн үндэсний хэв маяг агуулсан “The Hu” хамтлагийн  ”Wolf totem” дуу  АНУ-ын itunes рок дууны  хандалтыг тэргүүлжээ.

Дэлхийд монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж буй тус хамтлагийн дуу цацагдсан даруйд “Youtube”-д 18 сая хүний хандалт авчээ.

“The Hu” хамтлаг продюсер МУГЖ Б.Дашдондог, ахлагч Ц.Галбадрах, гишүүн Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нарын  бүрэлдэхүүнтэй. Б.Дашдондог, “Хамтлагийг бүрдүүлэхэд амар байсангүй. Үндэсний хөгжим тоглодог залуусаас шууд рок урсгалаар тоглох хүнийг сонгох чухал байсан. Монголын эртний  хархираа хөөмийг  үндэсний хэв маягаас нь өөрчилж рок урсгал руу оруулан өөрсдийн  хэв шинжийг олж авсан. Хамтлагийн гишүүд хөгжмийн боловсролтойгоос гадна уламжлалт хөгжмийн зэмсгээр сайн тоглодог. Тэд хөх, улаан морин хуур, товшуур хөгжим, цуур хөгжмөөр тоглодог" хэмээн шинэ хамтлагийн онцлогийг тодотгов.

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо гаргаад удаагүй аж. Цомгийнхоо нээлтийг гадаадын нэгэн улсад хийхээр төлөвлөжээ. 

Related news