Аймгийн хэмжээнд газрын төлбөр өөрчлөгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул
/МОНЦАМЭ/. Дархан сумын ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн тогтоолоор Дархан сумын газрын төлбөрийн бүсийн хил зааг, хувь хэмжээг шинэчлэн
тогтоожээ. Энэ талаар аймгийн газрын албанаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.
Тухайлбал Дархан суманд амины орон сууцны, гэр орон сууцны хашааны, гэр бүлийн
хэрэгцээний зуслангийн газрын үнэлгээг 1-13 бүсэд харгалзуулан 1м.кв газрын
төлбөрийн хэмжээ 10-144 төгрөг болсон аж. Үүний 90 хувийг төрөөс чөлөөлж, зөвхөн 10 хувийг төлөх
юм. Жишээ нь: 700м.кв амины орон сууцны газартай хүн жилд 700-10080 төгрөг
төлөх аж.
Харин худалдаа, нийтийн үйлчилгээний газар,
төв, цогцолборын 1м.кв газрын төлбөрийг 1-13 дугаар бүсэд харгалзуулан 45-150
төгрөг болгож өөрчилсөн байна.
Энэ мэтчилэн газрын төлбөрт өөрчлөлт орсон тул газар эзэмших, ашиглах гэрээний
эрх, үүргийнхээ дагуу 2019 оны нэгдүгээр улиралд багтаан Дархан Уул аймгийн хэмжээнд
газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших,
ашиглах гэрээгээ дүгнүүлж, гэрээгээ шинэчлүүлэх шаардлага гарч байгааг тус
газраас онцолж байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Дархан сумын газар нутгийг үнэлгээний 13 бүстэй болгосон байна. Газрын суурь үнэ нь гэр бүлийн хэрэгцээний, Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, ХАА-н үйлдвэрлэлийн, ХАА-н бус үйлдвэрлэлийн гэсэн газар ашиглалтын зориулалтаас хамаарч харилцан адилгүй шинэчлэгдэн батлагджээ.
Бусад сумын хувьд газрын төлбөрийн 1
бүстэй, суурь үнэ газар
ашиглалтын зориулалтаас хамаарч төлбөр харилцан адилгүй байна.