Дөрвөн бэрх тэмцээнд БТСГ-ынхан тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-25 11:12:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Төв номын сангаас сар шинийн баярыг угтан "Дөрвөн бэрх" танин мэдэхүйн тэмцээнийг Дархан-Уул аймгийн соёл, спортын байгууллагуудын дунд зохион байгуулав.

Дөрвөн тэмцээнийг монгол ёс заншил, ардын уламжлал, өв соёлыг эрхэмлэн дээдэлж сурталчлах, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, үндэс угсаагаараа бахархан, соёл, спортын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх харилцан бие биеэсээ суралцах зорилгоор зохион байгуулдаг юм. 

Энэ удаагийн “Дөрвөн бэрх” тэмцээнд Залуучууд театрын Хоньчин баг, МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн Тэмээчин баг, аймгийн биеийн тамир, спортын газрын Ямаачин, Төв номын сангийн Адуучин баг өв, уламжлал, соёл, заншил, түүхийн сэдвээр мэргэн оюунаа уралдуулаа.

Тэмцээн дөрвөн үе шаттай явагдаж, нэгдүгээр үед багууд мэндчилгээ дэвшүүлсэн бол хоёрдугаар үед баг тус бүр оролцож буй багтаа асуулт тавьсан аж. Харин гуравдугаар үед дэмбээн тэмцээнийг багийн ахлагч нарын дунд зохион байгуулж, төгсгөлийн дөрөвдүгээр үед баг тус бүрээс нэг гишүүн шагай шүүрч өрсөлджээ.

Дөрвөн бэрх тэмцээний энэ удаагийн тэргүүн байрыг Биеийн тамир, спортын газрын Ямаачин баг хүртсэн аж. Хоёрдугаар байрыг МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн Тэмээчин баг эзэлжээ.

Шагнал гардуулах үеэр багууд санал нэгдэн, тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж, ирэх жилийн “Дөрвөн бэрх” тэмцээнийг тэргүүн байрт шалгарсан Биеийн тамир, спортын газар зохион байгуулахаар болов.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээн сүүлийн хэдэн жил тасарсан байсан юм. Хамтын ажиллагаа, үндэсний өв соёлоо танин мэдэх хүрээнд болдог уг тэмцээнийг аймгийн Төв номын сангийн хамт олон ийн сэргээн зохион байгуулжээ.

Related news