Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” –тэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан хамтран жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг Дархан-Уул аймагт нээсэн байна.
Энэхүү төв нь хүчирхийлэлд өртөгсдийг
гэр бүлийн хүчирхийллээс дайжин ангижрахад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх аж.
Түүнчлэн аюулгүй байдал, хамгаалах байранд байрлуулж, эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөөг өгөхөд зориулагдах юм.
2017 онд үндэсний түвшинд хийсэн жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаагаар хүчирхийллийн тархалт ихтэй гарсан аймгууд болон тэдгээрийн газар зүйн байршлыг харгалзан нэг цэгийн үйлчилгээг ийнхүү нээж байгаа гэнэ. Дархан-Уул аймгийн Дархан суманд байгуулагдсан энэхүү төв нь 11 дэх төв болжээ.
Тус төв нэг удаадаа найман өрөөнд 24 иргэнийг хүлээн авч нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Тэдгээр иргэдэд тусламж хүргэх зорилгоор төв нээгдсэнтэй холбогдуулан шинээр 10 иргэнийг ажлын байраар хангажээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын тухайд Монгол Улсын хамгийн том, хамгийн олон хүн амтай сумын тоонд орохын зэрэгцээ хүчирхийлэл, гэмт хэрэг гарах магадлал өндөр, ил болон далд хэлбэрийн хүчирхийлэлд өртөгсөд хаана хандахаа мэдэхгүй хүчирхийллийг даамжруулдаг тохиолдол сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд нэмэгдэж байгаа гэж албаны төлөөлөл мэдэгдлээ.
Цаашид тус төвийг
нээгээд орхих бус тодорхой иргэдэд чиглэгдсэн учраас тулгамдсан асуудалтай хэн
бүхэнд үйлчилгээгээ шуурхай үзүүлэх, сэтгэл засах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
ажлыг сайжруулах болно гэж аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат онцоллоо.
Л.Отгонбаатар