У.Хүрэлсүх: УИХ-д суудалтай цөөн хэдэн нам Үндсэн хуулийг өөрчилж болохгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-28 15:39:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-д суудалгүй 14 намын удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, сонордуулга гардууллаа.

Монголын нийт хүн амын 30 гаруй хувь нь нэн ядуу, 30 гаруй хувь нь дундаж амьдралтай байна. Тиймээс иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрны хүртээмжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, гадаад өрийг бууруулах зэрэг олон асуудал нийгмийн өмнө тулгамдаж буйг сонордуулгад дурьджээ. Мөн Монголын төрд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бугшсан шударга бус байдлыг таслан зогсоохын төлөө ажиллаж буй Ерөнхий сайдыг дэмжиж ажиллана гэв. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмэн, улс төрийн намуудын оролцоотой хийх, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгийг цохон тэмдэглэв.

Уг сонордуулгад ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын хүний төлөө нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Хамуг монголын хөдөлмөрийн нам зэрэг 14 нам нэгджээ. Уулзалтын үеэр дээрх намын төлөөллүүд Монгол Улсын нэгдмэл эрх ашгийг хамгаалахын төлөө Ерөнхий сайдын бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн үеэр Ерөнхий сайд У. Хүрэлсүх, “МАН бол Монголын ууган нам. Энэ намын язгуур эрх ашиг бол ард түмний эрх ашгийг хамгаалах юм. Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө ажиллах нь энэ намын үүрэг. Энэ үүргээ биелүүлж чадахгүй бол МАН ард түмний биш хувь хүний эсхүл аль нэг олигархийн нам болно. Надад Монгол Улсын хөгжил дэвшил, шударга нийгмийн төлөө тэмцэх эсвэл цөөн хэдэн хүний албан тушаалыг хамгаалж суух гэсэн хоёр зам байна. Би эхнийхийг нь сонгосон. Засч, залруулах зүйл маш их бий. Засгийн газрын хувь заяа удахгүй шийдэгдэнэ. Засгийн газар тогтвортой ажиллаж,  эхэлсэн ажлаа дуусгаасай, улс төрийн шинэчлэлээ бүрэн хэрэгжүүлээсэй гэж ард түмэн хүсч байгаа. Тиймээс УИХ Засгийн газар түмний хүсэл зоригийг зөвөөр олж харна гэдэгт итгэж байна. Та бүхнээс ирүүлж буй сонордуулгатай санал нэг байна. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв. Одоогийн Үндсэн хууль бол Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн цогцлоох үүргээ биелүүлсэн. Гэхдээ цаг үеэ дагаад өөрчлөх нь зөв. Ардчилсан нийгмийн амин сүнс бол зөвшилцөл юм. Тиймээс МАН-ын даргын хувьд бусад улс төрийн намуудтай хамтран ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмэн, эрдэмтэн, судлаачидтай ярилцах, зөвшилцөх нь зөв гэж үзэж байна. УИХ-д суудалтай цөөн хэдэн нам Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод нээлттэй болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь чухал үүрэгтэй” хэмээв.

Related news