Мандах сумынхан соёлын биет бус өвөөр өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Мандах сумын иргэд соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, урлаг соёлын наадамд оролцож авьяас билгээ сорин өрсөлдсөн байна.
Нутгийнхан мал тойглох, эсгий хийх, ерөөл магтаал унших, шинэ гэрийн найр хийх ёсон, хурим найрын дэг ямархуу байдаг зэрэг эдүгээ цагт мартагдаад байгаа уламжлал, өв соёлыг сурталчилж хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцсон аж.
Мөн аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид урлаг, соёлын үзүүлбэрийг шүүж үнэлгээ дүгнэлт өгчээ. Мандах сум 2000 гаруй хүн амтай.
Сумын нутгийн хойд хэсгийнхэн хуучнаар Түшээт хан аймгийн Ачит гүний хошуунд харьяалагддаг байсан бол өмнөд хэсгийнхэн Түшээт хан аймгийн Говь Мэргэн вангийн хошууны гаралтай аж. Тиймээс энэ нутгийнхан ихэвчлэн халх, боржигоны соёл, зан заншил, өв уламжлалыг ажил, амьдрал ахуйдаа тээж иржээ.