НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-17 10:18:25

НЬЮ-ЙОРК. /NHK/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод болж байна. Чуулганд оролцогчид Сирийн иргэний дайн болон Европт үүссэн дүрвэгчдийн хямралыг голлон хэлэлцэх төлөвтэй байна.

 НҮБ-ын 70 жилийн ойн чуулган энэ долоо хоногийн мягмар гарагт НҮБ-ын төв байранд эхэлсэн юм. Данийн Гадаад хэргийн сайд асан Могенс Ликкетофт чуулганыг даргалж байна.

Чуулганы нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үг хэлэхдээ, “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнөөгийнх шиг ийм олон хүн мөргөлдөөн, хүчирхийлэл болон байгалийн гамшгуудад өртөж, зүдэрч байсангүй” гээд, “Хүмүүнлэгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, бүх нийтэд аюулгүй дэлхийг бий болгохын тулд удирдлагууд өөрчлөлт хийх нь нэн чухал юм” гэжээ.

Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Сирийн мөргөлдөөн, “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дарах арга зам, Африк болон Ойрхи Дорнодоос Европ руу цувж буй дүрвэгчид болоод цагаачдыг хамгаалах зэрэг асуудлыг нэлээд нухацтай авч хэлэлцэх шинжтэй байна.

Г.Доржханд

 

Related news
Comments