Бага ангийнхны эх хэл, унших чадвар хөгжүүлэх арга зүйн сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл төсөл"-ийн хүрээнд "Бага ангийн сурагчдын эх хэлний сургалтын арга зүйг сайжруулах, сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх арга зүй" сэдэвт сургалт эхэллээ.
Тус сургалтыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам, Дэлхийн банк, Боловсролын хүрээлэн, Бага боловсролын эх хэлний сургалтыг дэмжих баг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Үндэсний сургагч багш нар, Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар хамртан зохион байгуулж байна.
Энэхүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалт бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэхэд дэмжлэг болох, зарим арга хэрэгслийг сонгогдсон сургуулийн бага ангийн багш нарт түгээх зорилготой юм. Сургалт сурагчдын амралтын өдрүүдийг тохиолдуулан 10 дугаар сарын 29-нөөс эхлэн 11-р сарын 2 хүртэл таван өдөр үргэлжилнэ. Сургалтад Алтай, Манхан сумын ЕБС-ийн, Жаргалант сумын 2, 3, 7-р сургуулийн бага ангийн нийт 80 гаруй бага ангийн багш, тухайн сургуулиудын бага ангийн сургалтын менежерүүд оролцож, тулгамдаж буй асуудлаа ярилцахын зэрэгцээ, харилцан туршлага солилцож байна.