Эх орончдын өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 15:33:36

Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой “Эх орончдын өдөр”-т зориулсан МАН-ын  баярын хурал Ардын Дуу бүжгийн Хан Хэнтий Чуулгад боллоо.

"Эх орончдын өдөр”-т зориулсан МАН-ын баярын хурал эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга асан, МАН-ын хорооны дарга асан Д.Дашдорж, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дарга, Н.Ганбямба тэргүүтэй удирдлагууд, намын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл жанжин Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Үүний дараа намын баярын хурал эхэлж, намын удирдлагууд, намын үүрийн гишүүд оролцлоо. Мөн аймгийн 19 намын хорооноос ажил үйл амжилтаараа тэргүүлсэн Бор-Өндөр сум, Хэрлэн сум, Баянмөнх сумын намын хорооны төлөөлөлүүд урилгаар оролцжээ.

Баярын хурлыг нээж Хэнтий аймгийн МАН-ын дарга  Н.Ганбямба  “МАН-ын Монгол Улсын түүхэн байгуулсан гавъяа,тухайн үеийн нөхцөл байдлын талаар”  баярын илтгэл тавьсан бөгөөд илтгэлээс нь онцлоход “Монгол Ардын Нам 1921 оны З дугаар сарын 1-нд байгуулагдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг оройлон манлайлсан. Тиймээс МАН-ын түүх бол Монголын ХХ зууны хөгжил дэвшлийн түүх юм. ХХ зуунд улс орноо орчин цагийн соёл иргэншил өөд түүчээлэн хүргэсэн” гэв.

Aймгийн ИТХ-ын дарга асан, МАН-ын хорооны дарга асан Д.Дашдорж “ Өнөөдөр Монгол орон биеэ даасан хөгжиж тусгаар тогтнолоо олсон бахархлын өдөр. Тиймээс энэ өдөр Монгол түмний хүндэтгэлийн өдөр ч юм. Бид 3 сарын 1-ний өдөр нам байгуулж хувьсгал хийгээгүй бол монголын ард түмэн эх оронгүй байх байсан юм. Иймээс МАН бол Баларшгүй гавъяатай” гэв.

Ийнхүү хурлын үеэр Монголд улс төрийн нам байгуулагдахад голлон хүчин зүтгэсэн “Хувьсгалт долоо” буюу Данзан, Бодоо, Лосол, Чойбалсан, Сүхбаатар, Дэнзэн, Догсом нарын үйл хэргийг дурсан санаж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэ үеэр МАН-ын шинэ гишүүдийг бүртгэж намын үнэмлэх гардуулах арга хэмжээ боллоо.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news