Египетийн аялал, жуулчлалын салбарын орлого буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-03-01 10:27:44

КАИР. /TASS/. Оросын агаарын тээврийн “А321” онгоц Синайн хойгт осолдсоны дараа Египетийн аялал жуулчлалын салбарын орлого 1.3 тэрбум доллароор буурсан тухай “Reuters” агентлаг тус улсын Ерөнхий сайдын телевизэд өгсөн ярилцлагаас иш татан мэдээлжээ.

“Оросын нисэх онгоц осолдсоны дараах гурав эсвэл дөрвөн сарын хугацаанд бид 1.2 тэрбум эсвэл 1.3 тэрбум орчим долларын орлогоо алдсан” гэж улстөрч ярьсан байна.

2015 оны 10 дугаар сарын 31-нд Шарм-эль-Шейхээс Санкт-Петербургийн чиглэлд нислэг үйлдэж байсан "Когалымавиа" компанийн “A321” онгоц осолдсоны дараа Оросоос Египетийн чиглэлд үйлддэг нислэгийг зогсоох тухай зарлигт Владимир Путин өнгөрсөн оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан юм. Онгоцонд сууж явсан оросууд голдуу зорчигчид болон багийн гишүүд бүгд амиа алдсан билээ.

“А321”-ийн осолд террористууд холбоотой болохыг нотлох баримтыг Каир илрүүлээгүй тухай мэдэгдлийг техникийн мөрдөн шалгах хороо 12 дугаар сард нийтэлжээ. Харин Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси Оросын онгоцны ослын шалтгаан нь халдлага байсан гэдгийг хоёрдугаар сарын 24-нд анх удаа хүлээн зөвшөөрсөн юм. Ослын хариуцлагыг Орост хориглосон “Лалын улс” бүлэглэл хүлээжээ.

Д.Жаргал

 

Related news