“Атганд үлдсэн эрдэнэ” киноны дуу, өнгө шүүлтийг АНУ-д хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-02-29 14:35:34

“Хувьсал” продакшны 4 дэх уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” УСК 3 дугаар сарын 05-ны өдөр Хүннү молл кино театрт 16.00 цагаас нээлтээ хийнэ. 

Холливудын “Mongus pictures”, “E film” кино компанитай хамтран бүтээсэн "Golden treasure" буюу “Атганд үлдсэн эрдэнэ” киноны дуу, өнгө шүүлтийг АНУ-д дөрвөн сарын туршид хийжээ.

Киноны гол дүрд тоглосон Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар, Б.Шинэбаяр, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг, зохиолч, найруулагчаар ажилласан МУГЖ У.Уранчимэг, ерөнхий зураглаачаар ажилласан Д.Ангараг нар өнөөдөр шинэ уран бүтээлээ танилцуулж, мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд мөн Америкийн кино зураглаачдын холбооны тойргийн дарга Саул Малина, дууны найруулагч Рикардо Межия нар хүрэлцэн ирсэн юм. Тэд Монгол кино Холливуудад өрсөлдөхөд нэг шат ойртсон гэдгийг онцлов.

“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээдэг. Тиймээс хувь заяандаа эзэн байх ёстой гэдэг санааг харуулахыг зорьсон хэмээн найруулагч У.Уранчимэг хэлж байв.

Киноны үйл явдлаас дурдвал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Арслан Цэвээний гэрт отгон хүү Тайван мэндэлснээр 3 охинтой аваргын магнай тэнийж удам залгах хүүтэй боллоо хэмээн сэтгэл уужирна. Нас бие гүйцэхийн хэрээр аавынхаа дэргэдээс салдаггүй байсан хүү нутгийн сайхан бүсгүй Ягаанцэцэгтэй нэр холбогдож аавынх нь залуу насны өрсөлдөгч, нутгийн Заан Балжирын хүү Хангай өөрийн шохоорхдог бүсгүй Ягаанцэцэгийг Тайванаас харамлаж хоёр залуу нудрага зөрүүлснээр урт хугацааны өш хонзонтой хоёр гэр бүлийн дундах зөрчил сэдрэнэ. Гэвч цагтаа нутгийн ардын хайр хүндэтгэлийг хүртэж явсан Цэвээн аварга Тайван хүүг мэндэлснээс хойш алс зайдуу нутаглаж бусдын нүдрүү ч эгцэлж харахаа больсон учир тайлагдах бөгөөд түүний гэр бүлийн хар бараан нууцыг Хангай олж мэдсэнээр үйл явдал өрнөж хэний ч төсөөлөөгүй, зүүдэнд ч оромгүй адал явдлууд өрнөнө.

С.Сайнзаяа

Related news