Криминологийн судалгаанд тулгуурлаж "Аюулгүй аймаг" болох ажлыг эхлэхээр болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтий аймгийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл” криминологийн судалгааны тайлан, хэлэлцүүлгийг Чингис хотноо зохион байгуулж, "аюулгүй бүс нутаг" болох ажлыг эхлүүлэхээр боллоо.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн гишүүд, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, холбогдох албан хаагчид, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл оролцсон байна.
Судалгааг аймгуудаас анх удаа Хэнтий аймгийн ИТХ, ГХУСАЗС-ийн захиалгаар Хууль сахиулахын Их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээр хийлгэсэн аж.
Судалгааны ажлыг зургаан сарын хугацаанд явуулсан бөгөөд иргэдээс санал авах ажлыг дөрөвдүгээр сарын 01-нээс сарын хугацаанд 18 сум, 88 баг, суурин газрын төлөөлөл 1800 орчим иргэдийг оролцуулсан аж.
Судалгаа иргэдийн оршин суугаа газрын орчин нөхцөл, амьдрал, ахуйн хандлага, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл, гэмт хэргийн улмаас хохирох эрсдэлийг тодорхойлоход чиглэжээ.
Энэ нь Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон Засгийн газраас зарласантай холбогдуулан аймаг орон нутгаа аялал жуулчлалын тав тухтай орчин бүхий “Аюулгүй бүс нутаг” болгон хөгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа томоохон ач холбогдол бүхий судалгаа, тайлан юм.
Тайлан, хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан нээж, судалгааны багийн ахлагч, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, Цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр судалгааны үйл явц, үр дүн тайлангийн тухай “Хэнтий аймгийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, иргэдийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох нь” сэдвээр мэдээлэл хийв.
Судалгааны үр дүн, саналд тулгуурлан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, нутгийн зөвлөлтэй хамтран энэ чиглэлээр улсын төсөв төлөвлөгөөнд тусгаЖ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, "Хэнтий аймаг-Аюулгүй аймаг" хөтөлбөрт ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Д.Одонтунгалаг