Машины тоо ихэсч агаарт азотын давхар ислийн хэмжээ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 15:06:56

Сүүлийн жилийн агаарын шинжилгээний үзүүлэлтээс харахад Ховд аймгийн төвд шатахуун түгээх станцууд, авто машины тоо ихсэж агаарт агуулагдаж байгаа азотын давхар ислийн хэмжээ өссөн байна.

Өвлийн улиралд бүх аж ахуйн нэгж, албан байгууллага, уурын зуухнууд, айл өрхүүдийн галлагаа эхэлж хүхэрлэг хийн хэмжээ 10 сараас 3 дугаар саруудын хооронд ихэсдэг.

Сүүлийн таван жилийн шинжилгээний дүнгээс үзэхэд хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 0,002-0,005 мг/м куб хязгаарт хэлбэлзэж, хамгийн их 2007 онд 0,024 мг/м хүрч агаарын чанарын стандартаас даваагүй байна.

Ховд хот агаарын бохирдол ихтэй хотуудын тоонд багтдаг учир аймгийн засаг даргын захирамжаар агаар бохирдуулагч гол эх үүсвэр нам даралтын уурын зуухнуудыг зогсоох шийдвэр гаргаснаар 106 аж ахуйн нэгж байснаас 26 нь цахилгаан халаалтын системд шилжиж, 48 аж ахуйн нэгж төвлөрсөн дулаан хангамжид шилжээд байна.

Дулаан удаан барих, түлш бага зарцуулдаг G-saver зуухыг аймгийн 17 сумын айл өрхүүдэд нийт 2734 зуух хөнгөлттэй үнээр олгож, түлшний хэмнэлтийг 45 хувьд хүргэжээ.

Агаарын бохирдлыг бууруулахаар айл өрхүүдийг орон сууцжуулж, шахмал түлшний хүчин чадал нэмэгдүүлэх, утаа бага гардаг зуухаар хангах зэрэг үе шаттай арга хэмжээ авч байна.

Агаар бохирдуулах эх үүсвэрийн улсын тооллогын дүнгээс үзэхэд Ховд аймгийн хэмжээнд Дулааны станц хоёр, нам даралтын зуух 32, тээврийн хэрэгсэл 14,0 орчим байна. Ховд хотын төв  6635 айл өрхтэй үүний 2305 өрх орон сууцанд амьдардаг.

А.Бямбасүрэн

Related news