Захирамж зөрчин хурдан морь уралдуулсан тохиолдол найман суманд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 14:07:49

Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Булган аймгийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хүний эрхийн комиссын Булган аймаг дахь төлөөлөгч, Хууль зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, хүүхдийн байцаагч нар оролцлоо. 

Хэвлэлийн бага хурлын үеэр шуудай гурил, ганц хоёр зуун мянган төгрөг ар гэрт нь өгөөд хүүхдээр нь хурдан морио унуулдаг, өнчин өрөөсөн, ар гэр нь амьдралын боломж тааруу, эцэг эх нь салсан, хараа хяналт муу айлын хүүхдүүдийг уяачид сонгож авдаг, мөн хурдан морины хүүхдийн насыг нь дарж олон жил морио унуулахын тулд өсөлтийг зогсоох тариа хийдэг, тийм тариа хийлгэсэн хүүхэдтэй  ч хүүхдийн байцаагч цагдаа ярилцаж байсан зэрэг хурдан морины унаач хүүхдийг тойрсон асуудлуудыг тэд илэн далангүй ярилцлаа.

Мөн шинийн 1–ээс өнөөдрийг хүртэл Булган аймгийн 8 суманд их бага хэмжээний морин уралдаан, бооцоот, үсэргээ зохион байгуулагдсан байна. Зохион байгуулагчид нь МСУХ, сайн малчид, уяачид өөрсдөө гэсэн мэдээлэл ирсэн байна. Тус уралдаануудын  үеэр 506 хүүхэд уралдаанд оролцож, 4 хүүхэд хөнгөн хэлбэрийн гэмтэл авсан байна. Захирамжийг зөрчсөн эдгээр уралдаануудыг зохион байгуулагчдад одоогоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй, судалж буруутайг нь тогтоох шатандаа явж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Засаг дарга жил бүрийн 11 дүгээр сарын 01–ээс 05 дугаар сарын 01 хүртэл Булган аймгийн нутаг дэвсгэрт морин уралдаан зохион байгуулахгүй байх журам гаргасан боловч аймгийн МСУХ–оос үүнийг эсэргүүцэн “Монголын уламжлал, ёс заншлыг хориглолоо, энэ  захирамжаа эргэн харж хугацааг ойртуулах зэргээр өөрчлөлт оруулна уу” хэмээн уяачдын гарын үсэг бүхий бичгийг хүргүүлсэн байна.

                                                                                                                                           П.Батням

 

Related news