Хүйтний эрч сулрахгүй байгаа нь мал төллөлтөд хүндрэл учруулж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 13:14:48

Ховд аймгийн хэмжээнд энэ жил 1,161,303  буюу 1,1 сая эх мал төллөх урьдчилсан тооцоо бий. Өнгөрсөн оны намар зарим малчид хуц, ухнаа 10 сарын 25-наас, зарим нь бүр 11 сарын 1-нээс тавьсан гэж мал аж ахуйн мэргэжилтнүүд ярьж байна.

Ер нь сүүлийн үед цаг улирлын байдал, байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалаад 11 сард хуц, ухна тавьсанаас мал оройтож төллөнө гэж зарим  малчид ярьж байна.

Ховд аймагт голын чиглэлийн бүс буюу Зэрэг, Манхан, Буянт, Ховд, Эрдэнэбүрэн сумдын малчид мал төллөлт 3 сарын 15-наас эхэлж төллөх төлөвтэй байгаа гэнэ. Харин  уулын бүсийн Мөнххайрхан, Дуут, Мөст, Цэцэг сумдын нутгийн малчдын мал 4 сарын 1-нээс эхлэн төллөх аж.

Энэ хаврын тухайд өнгөрсөн жилтэй харьцуулбал цас ойр ойрхон орж, шөнөдөө хэт хүйтэн хонож байгаа учир мал төллөлтөд хүндрэл үүсч, нялх төл осгож хорогдох  байдал ажиглагдаж байна.

Тухайлбал албан бус мэдээгээр Манхан Ботгон багийн нутаг ууландаа цастай, шөнөдөө хүйтэрч ,хүйтний эрч сулрахгүй  байгаа учир  шинээр төрсөн нялх төл осгож, хорогдож байна. Тус багийн нутагт мал төллөлт 30 хувьтай байгаа төдийгүй малчид нялх төлөө пүнзэндээ оруулаад багтахгүй гэртээ хонуулж, өөрсдөө гэртээ ч  унтах зайгүй байгаа тухай ярьж байна.

Сүүлийн  хэдэн жил Ховд аймгийн нутгаар налгар, дулаан хавар болж мал төллөлтөд хүндрэл гарч байгаагүй юм. Харин мичин жилийн  хавар хүйтний эрч уярахгүй шөнөдөө 27-30 хэмийн хүйтэн, өдөртөө 12-18 хэмийн хүйтэн байгаа нь мал төллөлтөд хүндрэл үүсч болзошгүй байна.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

 

Related news