Эдийн засгийн байнгын хороо 20 хууль батлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо нийтдээ 20 удаа, ажлын хэсгүүд 70 гаруй удаа хуралджээ.
Энэ хугацаанд тус байнгын хороо давхардсан тоогоор 50 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 30 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 7 ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байна.
Байнгын хороо 20 хууль, 10 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 2 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, 5 хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан нийт 30 хууль, бусад шийдвэрийн 3 нь шинэчилсэн найруулга буюу шинээр батлагдсан хууль, 17 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль, 10 нь УИХ-ын тогтоол байжээ.
Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажил нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд төрийн мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, эдийн засгийн бодит салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг тус тус батлах, 2016 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл болон 2015 оны төсвийн тодотголын талаар санал, дүгнэлт гаргах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, үүрэг чиглэл өгөх зэрэгт чиглэгджээ.