УИХ-ын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-12 20:05:16

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

УИХ-ын 2025 оны 96 дугаар тогтоолоор Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд УИХ-ын даргын албан үүргийг хэрэгжүүлж байхыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад даалгасан юм.

 

УИХ-ын энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгосон тул УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Ж.Бат-Эрдэнээр УИХ-ын даргын албан үүргийг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг хуралдаан даргалагч дурдаад, тогтоолын төслийг уншиж танилцуулав.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Related news