БНКУ-ын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-12 16:16:29

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен өнөөдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга хоёр орны аудитын дээд байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцохоор Монгол Улсад хүрэлцсэн ирсэн зочид төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлэв.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн аудитын байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах, бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой зохицуулалт тусгасныг дурдаад хоёр орны аудитын дээд байгууллагын хамтын ажиллагааг үр дүнтэй байлгахад УИХ дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн даргын зүгээс дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэв.

 

Түүнчлэн өнгөрсөнд тус улсын парламентын гишүүд Монгол Улсад ажлын айлчлал хийснийг дурдаад хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов ажил ихтэй хэдий ч цаг зав гарган, халуун дотноор хүлээн авч уулзаж буй Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд тус улсын парламент болон аудитын дээд байгууллагын удирдлага, үйл ажиллагааны зарчмын талаар товч танилцуулсан.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Киргиз Улсад өнгөрөгч долдугаар сард хийсэн төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсныг дурдаад энэ дагуу Үндэсний аудитын газрын урилгаар ажлын айлчлал хийж буйг дуулгав.

Тэрбээр Үндэсний аудитын  газрын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд ялангуяа төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа мэдээлэл технологи, цахим системрүү амжилттай шилжүүлсэн явдал нь бидэнд сайн туршлага болж байна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Related news