Оюутнууд амарснаар улаанбурханы тархалт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:01:54

Өвөрхангай аймагтУлаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсээр байна. 2016 он гарсаар аймгийн хэмжээнд 44 удаагийн Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

БОЭТ-д 6 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад өвчлөгсөд харьяа сумандаа эмчлүүлж байгаа аж.Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн 60 гаруй хувь нь 16-36 хүртэлх насны залуучууд, 8,9 сартай вакцин тарих болоогүй хүүхдүүд байгаа гэнэ.

Өвчлөлийн дэгдэлт Арвайхээр, Хархорин суманд давамгай байсан бол Нарийнтээл, Баян-Өндөр, Есөнзүйл сумдаас илэрч, цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь сар шинийн баяраар Улаанбаатар хотоос оюутан хүүхдүүд хөдөө шинэлэхээр ирсэнтэй холбоотой хэмээн эмч мэргэжилтнүүд хэлж байна. Баян-Өндөр суманд жирэмсэн эмэгтэй Улаанбурхнаар өвчилсөн ч аюул осолгүй амаржиж сумынхаа эмнэлгийн хяналтанд очжээ.

Тиймээс тархалт илүү байгаа аймаг, сумдаар явахгүй байх, өөрийгөө хамгаалж гарын ариун цэврээ сахиж, олон нийтийн газар маск зүүх, өвчилсөн тохиолдолд гэрийн дэглэм баримтлах, мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөг авах зэрэг сэрэмжлүүлгийг ЭМГ-аас иргэдэд өгч байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news