Улсын сайн малчны цол шагналыг Дундговиос 8 малчин гардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-09 15:48:21

17- р жарны гал бичин жилийн босгон дээр Дундговь аймаг шинээр улсын сайн малчин наймыг төрүүллээ.

Сүүлийн гурван жил малын хорогдол гаргаагүй, бодод шилжүүлснээр 150-иас дээш мал тоолуулж, нийт сүрэгт хээлтүүлэгчийн эзлэх хувийг богт 50, бодод 40 хувьд хүргэн, зуун эхээс зуу болон түүнээс дээш төл бойжуулсан, хоёроос доошгүй залуу малчныг дагалдуулан сургаж, нутаг орныхоо малгүй иргэдийг малжуулахад хувь нэмрээ оруулсан зэргээр улсын сайн малчны шалгуур тавигддаг.

Энэ шалгуурыг хангаж Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Т.Мөнхбат, Адаацаг сумын Өвөр-Урт багийн Д. Амаржаргал, Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Б.Насан, Сайхан-Овоо сумын 1 дүгээр багийн малчин Г. Баатарчулуун, Сайнцагаан сумын 3 дугаар багийн малчин С. Мянганбаатар, Говь-Угтаал сумын 3 дугаар багийн малчин Б. Нямсүрэн, Гурвансайхан сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Ц. Бүд, Өндөршил сумын 2-р багийн малчин Н. Сумъяа нар Монгол Улсын сайн малчны цол шагналыг гардан авсан юм. Шагналыг аймаг, сумын удирдлагууд малчны хотонд очиж гардуулж өгөв.

Улсын аварга малчин цолыг 1993 оноос эхлэн Улсын сайн малчин хэмээдэг болсон бөгөөд Дундговь аймгаас анх Дэрэн сумын малчин У. Цэрэндорж Улсын сайн малчин болж байсан түүхтэй. Түүнээс  хойш энэ алдар хүндийг Дундговь аймгийн 50 гаруй малчин хүртээд байна.

Т. Отгонтуяа

Related news