Цэцэрлэг хотод хот байгуулалтын бүтээн байгуулалтууд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 14:15:28

Багц мэдээ

Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2008-2028 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2008 онд батлагдсаны дагуу 2013 онд Булганхангай хорооллын 20 га, 2015 онд 58 га талбайд тус тус  хэсэгчилсэн төлөвлөгөөг хийж баталгаажуулжээ.

Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу улс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдаж байгаа нийгэм соёл үйлчилгээний зориулалтын 150 хүүхдийн хоёр ба гуравдугаар цэцэрлэг, 320 хүүхдийн спортын төрөлжсөн сургалттай сургууль, 100 хүүхдийн дотуур байр, хүүхэд залуучуудын чийрэгжүүлэлтийн төв /усан бассейн/, хөгжимт драммын театр, онцгой байдлын газрын контор, шатахуун түгээх станц, ахуй үйлчилгээний төв, эрүүл мэндийн төвийн барилгууд баригджээ.

Түүнчлэн, улс болон өөрийн хөрөнгөөр тус аймгийн төвд 2013-2015 онд 1050 айлын орон сууц баригдаж ашиглалтанд оржээ.

Инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдвэрлэгджээ

Аймгийн төвийн нэгдүгээр бүсэд байрлах шинээр баригдаж буй "БУЛГАНХАНГАЙ”- цогцолбор хорооллын  эхний ээлжийн 20 га газрын бүтээн байгуулалтын ажлын инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдвэрлэгджээ.

 Тухайлбал, цахилгаан  хангамжийн  ажлаар ХТП-1, ХТП-2, РП-ны барилгын ажил, 10/0,4кВ-ын 630кВА –ын  хоёр, 400кВА –ын хоёр ширхэг трансфортаторуудыг суурилуулжээ. Шинээр баригдсан хуваарилах байгууламж /РП/-ээс ХТП-1,ХТП-2 хүртэлх кабелийн ажил  мөн 110/35/10кВ-ын “Цэцэрлэг” дэд станцаас шинээр баригдсан хуваарилах байгууламж /РП/ хүртлэх ААБл(3*150) –ийн 3615 метр хос кабелийн ажил хийгджээ .

Гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зохилгоор 2013-2015 онд нийт 615 айл өрхийг цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээнд холбожээ. Мөн “Булганхангай” хорооллын төв магистраль болон салбар шугамуудыг хийжээ.

Дулаан хангамжийн  641 метр дулаан цэвэр халуун усны эргэлтийн шугмын ажил хийгдсэн байна.

Гудамж төслийн хаялгаар дэд бүтэц сайжирсан

Гудамж төслийг хэрэгжүүлэх зорилгоор Цэцэрлэг хотын 25 байршилд шинээр авто, явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг тавьсан.

Үүний хүрээнд шинээр 8,5 км  авто зам, 28200 хавтгай дөрвөлжин метр талбайд явган хүний болон 2,9 км  дугуйн зам тавьж 13000 хавтгай дөрвөлжин метр газарт ногоон байгууламж байгуулан 0,9км ус зайлуулах ил далд шугам, 45м цэвэр усны хийгээд 180м цахилгааны шугам, 7850м холбооны шугам, 150 метр дулааны сувагчлал  тус тус  хийгджээ. 

Дээрхи ажлын хүрээнд 81 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх мэдэгдлийг өгч, холбогдох арга хэмжээг авсан байна.  Дурьдсан ажлуудаас гадна Эрдэнэбулган сумын Цагаан даваа багийн 30 ба 31 дүгээр гудамжийг жишиг гудамж болгожээ.

Шөнийн харанхуйд гэрэлтэх Цэцэрлэг хотын ирээдүй

2016 оны нэгдүгээр сарын арван наймны өдөр Архангай аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Л. Дэлгэрдалайгаас Цэцэрлэг хотын хэтийн төлөвийг сонирхоход, тэрээр, “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй барилга байгууламжийг бүрэн холбох, инженерийн төв, салбар шугамуудыг шинээр хийх, ногоон байгууламжыг нэмэгдүүлэх, 30 мегаваттын дулааны цахилгаан станц, хоногт 2000 шоо метр ус цэвэрлэх байгууламж барих, гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах / Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн айл өрхөд/ Булганхангай хорооллын батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар зорин ажиллаж байна”- гэж танилцууллаа.

Гуравхан жилийн дотор төрөлх Цэцэрлэг хотын маань нүүр царай ямар гэгээлэг сайхан болсныг хол ойрын хүн бүхэн шагшин магтнам. Харин одоо оршин суугчид өөрсдийгээ болоод бүтээн байгуулагчдын их хөдөлмөр зүтгэлийг хүнтэтгэж хөдөө хээрээр нүүдлэж заншсан уламжлалт либераль сэтгэлгээгээ жаахан шинэчилж суурин соёл иргэншилд ягуу ягуухан суралцаж дадах, өөрөөр хэлбэл, дотоод сэтгэлээсээ хөгжих л үлдээд байна. Хот суурин гэдэг бол хүмүүсийн хамтын амьдрах орчин юм. Тийм болохоор, хэлж ярьж байгаа үг, хийж буй үйлдлээсээ эхлээд хүн бүр биеэ цэнэж өөрийгээ олны дунд зөв авч явах шаардлага амьдралаас урган гарч байгааг, тодруулбал хорин нэгдүгээр зуунд аж төрж буйгаа мэдрэн өөрчлөгдөж буй өнөө үеийн хүүхэд залууст ахмад бид сэтгэл өёг байна. 

Дашрамд үгүүлэхэд, өдгөө Цэцэрлэг хотод Архангай аймгийн нийт хүн амын 23 орчим хувь буюу 5707 айл өрхийн 21097  хүн оршин сууж байна.

                                                                                                                   Архангай. Л. Булган

 

Related news