“Монгол тэмээ-999” уралдаан 3-р сард Өмнөговь аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 16:15:33

“Монгол тэмээ-999” уралдааны 4 ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр тус арга хэмжээний уралдааны баг хуралдлаа.

Монгол тэмээг дэлхийд сурталчлах, дэлхийн дээд амжилтыг бүртгэх “Геннисийн ном”-д бичүүлэх, эдийн засгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор уралдааныг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын тэмээ бүхий аймгууд, тэмээчид, уяачид энэхүү уралдаанд оролцох бөгөөд 12 км-с хоорондоо 100 м зайтай 5 гараанаас 1000 тэмээ зэрэг гарч уралдах аж. Гараанаас гарсны дараа 4 км яваад хоорондоо 100-150м зайтай байх 2 тугийн хоорондуур гарснаар уралдааныг 1 замаар үргэлжлүүлнэ.

“Монгол тэмээ-999” уралдааныг ийн орон нутагт зохион байгуулахаар “Тэмээний уралдааны ажлын хэсэг”, дэлхийн дээд амжилт “Геннис”-т бүртгүүлэх ажлын хэсэг, ёслол хүндэтгэлийн, хурал зөвөлгөөний гэсэн 4 үндсэн комисс ажиллаж байна. 3-р сар нь говь нутгийн хувьд дулааны урь орсон хэдий ч өвс тэжээл ховор учир уралдааны өдрүүдэд аймаг орон нутгаас ус өвсний асуудлыг зохицуулна гэлээ.

Уралдаанд зөвхөн монгол тэмээг уралдуулах юм.

Өмнөговь аймаг энэ жил 118 мянган толгой тэмээ тоолуулж, улсдаа нэгдүгээрт жагсчээ.

Өмнөговь аймаг С.Сумьяа

Related news