Монголын сайхан бичгийн “Уран үзэг” шагналт Л.Болоруянга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 08:49:55

Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Лхагвадорж овогтой Болор-Уянга 2015 онд Монголын сайхан бичигтэн уралдаанд түрүүлж,монгол хэл соёлоо дээдэлж, үе тэнгийхэндээ үлгэр дууриал үзүүлсэн юм.

Тэрээр Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10 “б” ангид сурдаг. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд 7-р ангиасаа эхлэн тасралтгүй 4 жил оролцож байна. 7-р ангиас түүнд  монгол бичгийн хичээлийг Б. Цэцэгмаа багш  зааж, үндэсний бахархал, өв болсон эх хэл, монгол бичгийн хичээлийг шимтэн суралцаж олон уралдаан тэмцээнд оролцож байна.

2015 онд аймгийн монгол хэлний олимпиадаас алтан медаль,  монгол бичгийн  сайхан бичих уралдаанд тэргүүн байр эзэлж “Уран үзэгтэн” тэмдгээр шагнагдлаа. Мөн сургуулийн математикийн олимпиадын хошой аварга, олон улсын Кенгуру олимпиадаас 2,3-р зэргийн диплом, физикийн улсын багийн олимпиадад тэргүүн байр, химийн олимпиадын аймгийн аварга, сургуулийн оюунлаг сурагч болсон сургууль анги хамт олноо хошуучилсан юм.

“Ертөнц” төвөөс зохиосон монгол бичгийн анги нийтийн уралдаанд тэргүүн байр эзэлж “Үндэсний өв соёлоо тээгч шилдэг анги” болсноороо тэр бахархаж явдаг.

Энэ жил Л.Болоруянгын  анги ангиараа “Хүмүүн бичиг” сонинг захиалан уншиж, хичээнгүй бичгийн буланг тогтмол бичиж, бичгийн хэвээ сайжруулах гол хэрэглэгдэхүүн болгон ашиглаж энэхүү нэр хүндтэй уралдаанд түрүүлсэндээ багш, “Хүмүүн бичиг” сонины ах эгч нартаа талархаж байна.

Эх хэл, монгол бичиг минь эрдэм боловсролтой, зөв монгол хүүхэд бидний бахархал гэж тэр ярилаа.

Цаст алтай сургуулийн Б.Цэцэгмаа багшийн шавь нар Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд олонтай амжилт үзүүлж ирснийг дурьдахад таатай байна.

А.Бямбасүрэн

 

Related news