Хяналтын шалгалт явуулах шаардлагатай 505 байгууллага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-11 13:57:01
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд шинээр нэвтрүүлсэн ажлаа танилцууллаа. Тодруулбал, хяналтын хуудас болон эрсдэлд суурилсан хяналтын үнэлгээ зэрэг шинэ систем нэвтрүүлжээ.

Тус газар нь аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийсний дараа эрсдлийн түвшин тогтоож зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлжээ. Ингэхдээ 17 заалт бүхий хяналтын хуудсаар тухайн байгууллагын объект, үйлчилгээ нь стандартын дагуу байгаа эсэхийг шалгажээ. Шалгалтаар их, бага, дунд эрсдлийн үнэлгээ хийж дунд болон их эрсдэлтэйд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Дараа нь үр дүнг нь шалгажээ. Ингэснээр байгууллагын чадавхийг дээшлүүлэх зорилготой гэнэ.

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь шалгалт явуулах шаардлагатай 2000 гаруй аж ахуйн нэгж байдаг. Үүнээс хяналтын шалгалт явуулах нэн шаардлагатай 505 байгууллага байдаг ажээ. Эдгээр нь их эрсдэлтэй объектын тоонд багтдаг байна. Мөн бага эрсдэлтэй гэсэн үнэлгээтэй ч хэзээ ч эрсдэл гарах магадлалтай газрууд байдаг бөгөөд үүнд уул уурхайн үйлдвэрүүд ордог ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Related news