Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.40 минутад Төрийн ордны “Б” танхимд эхлэв.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийг дагалдан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж байгаа юм.
Хуваарийн дагуу уг асуудлын дараа Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.
Харин үдээс хойш хуралдахаар товлогдсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшлов.
Н.Туяа