Цас нимгэн цаг агаар таатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:26:01

Орон даяар мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллого явагдаж байгаа энэ үед Дархан сумын хувьд өнөөгийн байдлаар нийт 641 өрхийн 30867 толгой мал, 17092 тэжээвэр амьтан тоологджээ.

Энэ тоо хэр бодитой эсэхэд хяналт тавихаар ажлын хэсэг гарч тус сумын малчдын өвөлжиж байгаа Хүйтний гол, Зулзгын гол, Наймдугаар бригадын малчдаар тойрч улмаар Хавцал, Хушаатын эргэн тойронд өвөлжиж байгаа Дархан сумын 2, 3 дугаар багийн малчин өрхөөр орж хяналтын тооллого хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Одоохондоо цаг агаар харьцангуй дулаахан, цасны зузаан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвийн байгааг малчид хэлж байв. Энэ өвөл бичин жилийн зуд болж магадгүй гэсэн анхааруулга болгоомжлолыг эртнээс өгч байсан учир тэд хадлан тэжээлээ хангалттай бэлтгэсэн гэв.

Дархан сум энэ жил 40 тн өвс 10 тн хивэг нөөцөлсөн. Магадгүй өвөлжилт хүндэрвэл малчиддаа тараах төлөвлөгөөтэй байгааг сумын удирдлагууд хэллээ.

Албаны хүмүүсыг ийнхүү ажиллах үеэр малчид зарим тулгамдсан асуудлаа ярьж санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа малчдын хувьд бэлчээр, хадлангийн талбай, малын хөлийн татварын асуудал хүндхэн хэвээр байгааг Дархан сумын Хоёрдугаар багийн малчин Д.Норовиш ярилаа. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр Сэлэнгэ аймгийн Хушаат, Сайхан сум болон Дархан сумын удирдлагууд өмнө нь хэд хэдэн удаа уулзаж хэлэлцүүлэг ч хийж байсан. Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нарын төвшинд хүртэл уулзалт хийж газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх гарцын тухай ярилцсан. Харин одоо Дархан суманд ээлжит уулзалтыг хийхээр төлөвлөсөн гэдгийг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал малчидад хэллээ.

                         Б.Норовсамбуу

Related news