ОРХОН: Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг багасгах талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-22 08:54:45
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гуравдугаар хуралдаанаар “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр” батлах тухай асуудлыг хэлэлцлээ.


Эрдэнэт үйлдвэрийн технологийн хаягдлаас үүсэлтэй цагаан тоос нь  Говил, Баянцагаан багийн иргэдийн амьдрах орчинд багагүй сөргөөр нөлөөлдөг. Иймд аймгийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэртэй жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулж цагаан тоосны дэгдэлтийг багасгах, урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг баталдаг.


Энэ оны гэрээнд цагаан тоос үүсгэж буй хаягдал булингыг дарагч бодистой хольж барьцалдуулах, дарагч бодисыг зориулалтын техникээр цацах, технологийн өөрчлөлт хийх аргыг ашиглахаар тусгасан байна.


Мөн хүнд даацын техник ажиллах боломжтой талбайг услах, өндөр даралтаар шүрших, булинга хаях боломжгүй талбайг хөрсөөр дарах, элс хураах талбайн дагуу ган хоолой, уян хоолой ашиглан бороожуулалт хийх зэрэг олон арга ашиглаж, туршиж байна.


Цагаан тоосжилттой бүсэд амьдарч буй иргэдээс өнгөрсөн онд 884 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.


ИТХ-ын Зөвлөлийн гишүүд цагаан тоосны дэгдэлтээс үүсч буй сөрөг нөлөөллийг бууруулах ажлын явцтай танилцсаны дараа ажлын багийг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй гэсэн санал хэллээ. 

Холбоотой мэдээ