Саппорогийн цасны баяр эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-02-05 11:57:10

ТОКИО, 2024 хоёрдугаар сарын 5 /Kyodo/. Японы Хоккайдо мужийн нийслэл Саппоро хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цасны баяр ням гарагт эхэллээ. Энэ удаагийн наадам сүүлийн дөрвөн жилд анх удаа коронавирусний халдвартай холбоотой ямар нэгэн хязгаарлалтгүйгээр болж байгаагаараа онцлогтой.


Японд өвлийн улиралд болдог хамгийн том үйл ажиллагааны нэг болох эл 74 дэх удаагийн цасны баяр энэ сарын 11-нийг хүртэл хотын гурван байршилд болох бөгөөд цас, мөсөөр хийсэн 190 орчим бүтээл дэлгэсний заримыг нь нутгийн иргэд урласан байна.  


Цасны баярын гол үйл ажиллагааг зохион байгуулах хотын төвийн Одори цэцэрлэгт хүрээлэнд Японы хойд нутгийн уугуул иргэд болох айнүчүүдийн тухай Golden Kamuy хэмээх анимэ цувралын дүрүүдийг харуулсан 12 метр өндөр цасан баримлыг байрлуулжээ. COVID-19-ийн хязгаарлалтуудыг цуцалсантай холбоотойгоор цасны баяр болж буй газруудын эргэн тойронд хоол ундаар үйлчлэх цэгүүдийг дахин нээсэн байна.


Киото хотын оршин суугч, 26 настай Сана Цүкамото ярихдаа “Би сүүлийн дөрвөн жилд анх удаагаа цасны баярыг үзэхээр ирээд байна. Цас, мөсөөр урласан бүтээлүүд зөвхөн том хэмжээтэй төдийгүй маш нарийн ур хийцтэй байгаа нь үнэхээр гайхалтай санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Энэхүү баярыг коронавирусний цар тахал дэгдэхээс өмнө жил бүр 2 сая гаруй хүн үзэж сонирхдог байсан юм. Харин 2021, 2022 онд цар тахлын улмаас наадмыг цахимаар зохион байгуулахаас аргагүйд хүрч байсан бол өнгөрсөн онд цомхон хүрээнд зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ