World Press Photo: Шилдэг гэрэл зургууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-04-19 17:59:00

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /BBC/. Мексикт танилцаж, АНУ руу явах замдаа бие биедээ дурласан хоёр цагаачийн гэрэл зураг олон улсын гэрэл зургийн “World Press Photo” уралдааны "гэрэл зургийн сурвалжилга" ангилалд түрүүлжээ. Гэрэл зурагчин Алехандро Сегарра "Урт хугацааны төсөл" төрөлд цагаачдын тухай цуврал гэрэл зургуудаараа шагнал хүртсэн байна. 


Уг гэрэл зурагт Хондурасын иргэн Роза Белло (зүүн гар талд), Венесуэлийн иргэн Рубен Сото нар "Араатан" гэгддэг ачааны галт тэрэгний дээр сууж явж байгааг буулгажээ. “Мексикээс Венесуэлд ирсэн Сегаррагийн хувьд цагаачдад учирдаг аюулын талаар ойлгомжтой байдлаар тайлбарлахад түүний туршлага тус болсон” гэж шүүгчдийн шийдвэрт дурдсан байна.


Хууль бусаар хил давуулагчдад төлөх мөнгөгүй цагаачид ихэвчлэн ачааны галт тэргээр АНУ-ын хилийг зорьдог 

Венесуэлийн иргэн Карлос Мендоза АНУ-аас орогнол хүсэхийн тулд Рио-Гранде голыг гаталж байгаа нь

Уралдааны ялагчдыг шалгаруулахад зургаан өөр бүс нутгийн шүүгчид оролцож, дэлхийн 130 орны 4 мянган гэрэл зурагчны ирүүлсэн 61 мянга гаруй гэрэл зургаас шалгаруулж, цөөхөн зурагны "богинохон жагсаалтыг" гаргажээ. 
Дада Пол ач охин Одилатемиксийн хамт сүмд очихын өмнө


Гэрэл зурагчин Ли-Алан Олваге танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах буюу зөнөж тэнэгрэх өвчний улмаас охин Фарагийнхаа асрамжид байдаг Мадагаскарын иргэн 91 настай “Дада" Пол Ракотосандринигийн цуврал гэрэл зургуудаараа "Оны түүх" төрөлд  түрүүлжээ. 

Дада Пол ням гаргийн орой бүр загас цэвэрлэж байдгийг охин Фара нь ажиглан харж буй нь. Загас цэвэрлэхдээ Полын хуруунууд чичирдэг боловч загас цэвэрлэх нь түүнийг тайвшруулдаг.


Газын зурвас дахь Хан Юнис хотод өгсөн Израилын пуужингийн цохилтод өртөн ээж, эгчийнхээ хамт амь үрэгдсэн таван настай зээ дүү Салигийнхаа цогцсыг тэвэрч буй 36 настай Инас Абу Маамар гэдэг эмэгтэйг буулгасан гэрэл зураг Оны гэрэл зургаар шалгарчээ. 


Энэ зургийг авсан Мохаммед Салем "Ройтерс" агентлагтай хамтран ажилладаг бөгөөд тэрбээр Нассерын эмнэлгийн цогцос хадгалах газраас сураггүй болсон төрөл садныхаа хүмүүсийг хайж байсан нутгийн оршин суугчдын зургийг авчээ. 


Зургийн найруулга нь эмэгтэйн сэтгэлийг гүнээ ойлгож буйг илтгэж байгаа бөгөөд ямар аймшигтай зовлон амссаныг тодорхой харуулсан гэж шүүгчдийн шийдвэрт онцолсон байна. Харин Салем хэлэхдээ, энэ зургийг "гунигтай бөгөөд сэтгэл хөдөлгөм мөчид авсан бөгөөд энэ зургаас Газад юу болж байгаа талаар ерөнхий ойлголттой болно" гэжээ.

Зээ дүүгийнхээ цогцсыг тэврэн буй Сали


“Нээлттэй формат” төрөлд Украины гэрэл зурагчин Юлия Кочетова түрүүлсэн байна. Тэрбээр зураач Александр Комяхов (одоо Украины Зэвсэгт хүчинд алба хааж байгаа), дижей Дарья Коломиец нартай хамтран "Дайн бол хувь хүн" гэрэл зургийн төслийг бэлтгэжээ. Украины дайны тухай өгүүлэхийн тулд өөрийн авсан гэрэл зургууд, бичсэн яруу найраг, аудио клип болон хөгжмийг нэгтгэсэн байна. 

Бусад бүс нутгийн ялагчид:
Африк тив, ганц зураг төрөл: Гэрэл зурагчин Винсент Хейгесийн “Real 21” хэвлэлд зориулж авсан “Дайнаас эргэж ирсэн нь”
Ээж нь 24 настай хүү Кибром Берханыг хоёр жилийн дараа анх удаа тэвэрч байна. Этиопын иргэний дайны үеэр Тыграйн Өөрийгөө хамгаалах хүчинд элссэн тэрбээр тулалдаанд нэг хөлөө алджээ.

Ази, түүхүүд төрөлд: гэрэл зурагчин Эбрахим Норузи Ассошиэйтед Пресс агентлагт зориулан авсан "Афганистан сүйрлийн ирмэгт"
Кабулын зах дахь дүрвэгсдийн хуаранд: Ээжийнхээ гуйлга гуйж авчирсан алимыг харж буй афган хүүхдүүд

Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн үеэр амиа алдсан 15 настай охин Ирмакынхаа гарыг атган сууж буй Месут Хансер

Европ, түүхүүд: Каховка далан: цэргийн бүс дэх үер, Йоханна Мария Фриц, “Die Zeit” сэтгүүлд зориулан авчээ
Сайн дурын ажилтнууд болох Виктор, Александр нар Оросын цэргүүдэд эзлэгдсэн Каховская усан цахилгаан станцад болсон дэлбэрэлтийн дараах үерийн үеэр Мария болон түүний охин Светлана нарыг нүүлгэн шилжүүлэхэд тусалж байгаа нь.

Хойд ба Төв Америк: ганц гэрэл зураг: Квебекийн гал сөнөөгчдийн багийн амьдралын нэг өдөр, Чарльз-Фредерик Уэллет "Globe and Mail and Conseil des arts et des lettres du Québec" (CALQ) хэвлэлд зориулан авчээ
Тео Дагно гал унтраах багийнхан галыг "хяналтад авсан" гэдгийг зарлахын тулд тухайн газар нутгийг шалгаж байгаа нь. Өнгөрсөн онд Канадад их хэмжээний ойн түймэр дэгдсэн нь хэт халж, бороо ороогүйтэй холбоотой юм.

Хойд ба Төв Америк, түүхүүд: "National Geographic" сэтгүүлд зориулан "Хаануудыг аварсан нь" зургийг Хайме Рохо авчээ
Мексик дэх Монарх гэдэг шим мандлын дархан газрын эрвээхэйнүүд

Өмнөд Америк, ганц гэрэл зураг: Амазон дахь ган гачиг, гэрэл зурагчин Лала де Алмейда “Folha de São Paulo” хэвлэлд зориулан авчээ
2023 онд цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн хүчтэй ган гачиг Амазон мөрний сав газарт үргэлжилж, уугуул иргэдийн амьдралд хүчтэй нөлөөлж байгаа юм. Нутгийн оршин суугчид гэртээ харихын тулд хатаж ширгэсэн голоор олон километр алхахаас аргагүйд хүрч байгаа ажээ. 

Өмнөд Америк, түүхүүд: Улаан тэнгэр, ногоон ус, гэрэл зурагчин Адриана Лурейро Фернандес, “New York Times” сонинд зориулан авчээ
Венесуэлийн Пунта де Мата хотын оршин суугчид дэлхийн хамгийн том хийн бамбаруудын нэгний өмнө тоглож байна. Адриана Лурейро Фернандесийн цуврал гэрэл зурагт газрын тос, байгалийн хийн салбар Венесуэлийн байгаль орчин, хүмүүст учруулж буй хор хөнөөлийн талаар өгүүлжээ.

Зүүн Өмнөд Ази ба Далайн орнууд, ганц зураг: “Живэхгүйгээр тэмцэх нь” гэрэл зургийг Эдди Жим “Sydney Morning Herald” сонинд зориулан авчээ
Омгийн ахлагч, 72 настай Лотомау Фиафиа ач хүү Жоны хамт Фижи улсын Киоа арлын буланд байгаа нь. Тэрбээр олон жилийн өмнө өөрийг нь жаахан хүү байхад энэ газар хуурай газар байсныг дурсан ярьдаг.

Зүүн Өмнөд Ази ба Далайн орнууд, түүхүүд: Тусгаар тогтнолын төлөөх тулаан, гэрэл зурагчиy Майкл Варкас “Philippine Star” сонинд зориулан авчээ
54 настай загасчин Арнел Сатам модон завиндаа сууж байна. Тэрбээр Филиппиний эдийн засгийн бүсийн нэг хэсэг болох Скарборо гэдэг хадтай нуур руу орох гэж оролдох үед Хятадын эргийн хамгаалалтын хөлөг түүнийг хөөжээ. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн энэ бүсэд эзэмшлээ тогтоохыг оролдож байгаа билээ. 


Холбоотой мэдээ