СЭЛЭНГЭ: Аймгийн ЗДТГ хүүхэд харах өрөөтэй болов

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-01 14:48:46

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар хүүхэд харах өрөөтэй боллоо.

 

Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн хамт олноос санаачлан ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан хүүхэд харах өрөөг бий болголоо.

 

Энэхүү өрөө нь ажлын цагаар гэртээ үлдэх боломжгүй, харах хүнгүй байгаа хүүхдүүдэд үйлчлэх зорилготой юм. Хүүхэд харах үйлчилгээг аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний хамт олон хариуцан ажиллах аж.

 

Энэ талаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоос тодрууллаа.

 

-Тэрээр: -“Өнөөдөр аймгийн ЗДТГ-т 97 алба хаагчид байдаг. Эдгээрийн 127 орчим хүүхэд байгаа. Ийм өрөө байхгүй үед цэцэрлэг, сургууль нь эрт тарсан тохиолдолд ээж, аав нь хажуудаа суулгаад, ажлынхаа өрөөнд хүүхдээ хардаг байсан. Энэ өрөө бий болсноор хүүхдүүд энд хичээлээ хийх, тоглох боломжоор бүрэн хангагдаж байгаа юм.

 

Мөн өглөө зарим хүүхдүүд эцэг эхийгээ дагаж ирдэг байсан. Иймээс манай удирдлагын баг энэхүү нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс энэ өрөөг бий болголоо.

 

Хүүхэд харах өрөөнд зориулсан төсвийг аймгийн ИТХ-аар тодорхой хэмжээнд төсөвлөж өгсөн. Мөн өрөөг тохижуулах зардлыг ЗДТГ-ын зардлаас гаргасан байгаа.  

 

Цаашдаа хүүхдүүдийнхээ орчин нөхцөл, тоглох, хичээлээ хийх байдлыг улам сайнаар шийдэж өгөөд явах юм бол манай алба хаагчид сэтгэл амар ажлаа хийх бүрэн боломж бүрдэнэ” гэв.

 

Мөн тэрээр хүүхдийн байгууллагын зөвлөлийн даргын өмнөөс бүх байгууллагууддаа ийм өрөөтэй болохыг урилаад үр хүүхдүүдээ хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд бүгдээрээ хүчин зүтгэе гэлээ.