Нийслэлийн ундны усны нөөцийг нэмэгдүүлэх “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-01 15:40:13

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.


Тэгвэл уг төслийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болжээ. “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр хотын усан хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох, Туул голын экологийн урсцыг бүрдүүлэх, хот төлөвлөлт, шинэ бүтээн байгуулалттай холбогдсон шинэ, томоохон ус хэрэглэгчид, дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотыг үерийн аюулаас хамгаалах, усан санд хуримтлагдсан усны хүчийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтойг албаныхан онцоллоо.


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ярихдаа,Бид ундны усныхаа хэрэгцээг 100 хувь гүний усаар хангаж байгаагаас гадна сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр үер усны гамшиг нэлээд тохиолдож байна. Мөн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийт ундны усны хэрэглээний 30 орчим хувийг цэвэршүүлж хэрэглэнэ гэсэн том зорилт тавьсан. Гэтэл бид цаашид ундны усны хомсдолд орох эрсдэлтэй тулгараад байна. Үүнийг шийдвэрлэх гол гарц нь Туул гол дээр боомт, усан сан, ус дамжуулах шугам, цэвэршүүлэх байгууламж бүхий усан цогцолбор байгуулж, ус хангамжийн баталгаат эх үүсвэртэй болох явдал юм. Энэ нь Улаанбаатар хот гэлтгүй Монгол Улсын аюулгүй байдалд нэн чухал зүйл” гэв.




Холбоотой мэдээ