ЭМДС-гийн орлого нэмэгдэж, тусламж үйлчилгээний зардал буурчээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-10-19 10:27:58

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сан гэдэг нь “Төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг хэлнэ” гэж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар /ЭМДЕГ/ тодорхойлжээ.


Харин даатгуулагч гэж “Хуулийн дагуу тус санд шимтгэл тогтмол урьдчилан төлж, эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэнийг хэлнэ" хэмээн тайлбарласан байна. Тухайлбал:

  • хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн /6.1.2/;
  • малчин /6.1.3/;
  • энэ хуулийн 4.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн /6.1.4/; орно.

Шимтгэлийг улсын төсвөөс хариуцах иргэдэд:

  • 0-18 насны хүүхэд
  • тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн
  • нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,
  • хүүхдээ асарч буй эх, эцэг ,
  • хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
  • ял эдэлж буй ялтныг хамруулж ойлгоно.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т заасан тэтгэвэр авагчид,
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т заасан иргэдийг хэлнэ.
  • Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 -д заасан ҮСХ, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хэлнэ гэж ЭМДЕГ-аас нэмж тодотгожээ.



Тус газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гийн орлого 2023 оны эхний 9 сард 1161.5 тэрбум төгрөг болжээ. Энэ тоон үзүүлэлтийг 2022 оны 9 дүгээр сартай харьцуулахад  138.9 тэрбум төгрөгөөр буюу 13.6 хувиар өсжээ. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 1213.2 тэрбум төгрөг болжээ. Түүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 127.6 тэрбум төгрөгөөр буюу 9.5 хувиар буурсан байна. Эрүүл мэндийн даатгалын орлого нэмэгдэхэд төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 151.3 тэрбум төгрөгт хүрсэн нь нөлөөлжээ. Энэ тоон үзүүлэлтийг 2022 оны 9 дүгээр сартай харьцуулахад  28.5 тэрбум төгрөгөөр буюу 23.2 хувиар  өссөн байна.


Улсын хэмжээнд 2023 оны 9 дүгээр сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.7 сая хүн даатгуулсан байна. Түүнийг  2022  оны мөн үетэй харьцуулахад 109.1 мянган хүнээр буюу  3.1 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлтөд шимтгэлийг нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд 38.3 мянган хүнээр 3.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.


Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэмэгдэж, тус сангаас гардаг тусламж үйлчилгээний салбарын зардал буурсан нь эерэг үзүүлэлт юм.

Холбоотой мэдээ