Орон нутгийн төсөв, НДС, ЭМДС-гийн зарлага хэмнэгджээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-08-08 11:48:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эхний хагас жил (2023 он)-ийн гүйцэтгэлээр улсын татварын орлого давж, зарлага хэмнэгдэн нийт төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарчээ.


Улсын нийт төсөвт татварын орлого, зарлагаас гадна орон нутгийн болон нийгмийн даатгалын сан (НДС), Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн орлого, зарлага багтдаг. Тэдгээрийн бүтэц, хувь, мөнгөн дүнг авч үзье.

  • орон нутгийн төсөв 2.2 хувь буюу 41.3 тэрбум төгрөгөөр,
  • нийгмийн даатгалын сан 3.6 хувь буюу 65.6 тэрбум төгрөгөөр,
  • эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 0.8 хувь буюу 5.7 тэрбум төгрөгөөр давжээ.

Орон нутгийн төсвийн орлого 1,924.8 тэрбум төгрөг болж төлөвлөсөн дүнгээс 2.2 хувь буюу 41.3 тэрбум төгрөгөөр давж төвлөрсөн байна.

Орон нутгийн төсвийн нийт орлого:

  • 87.0 хувийг орон нутгийн төсвийн орлого,
  • 5.7 хувийг улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг,
  • 7.3 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэг эзэлжээ.

Улсын төсвөөс орон нутгийн төсөвт 106.7 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төлөвлөгдөж 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Тэгвэл орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэгт 149.5 тэрбум төгрөг төсөвлөгдөж 140.9 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.


Орон нутгийн төсвийн нийт зарлага 1,234.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь  төлөвлөснөөс 47.5 хувь буюу 1,118.2 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдж хэмнэгдсэн байна. Эндээс харвал орлого нэмэгдэж зарлага буурчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад:

  • орон нутгийн төсвийн орлого 49.0 хувиар буюу 632.7 тэрбум төгрөгөөр,
  • орон нутгийн төсвийн нийт зарлага 29.8 хувь буюу 283.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.



Энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр нийгмийн даатгалын санд нийт 1,899.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөснөөс 3.6 хувь буюу 65.6 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Зарлага буурч, орлого нэмэгдсэн нь орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 690.3 тэрбум төгрөгийн ашигтай гарах суурь нөхцөл нь болсон байх юм.


Нийгмийн даатгалын сангийн зарлагад 1,801.1 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 200.8 тэрбум төгрөг буюу 12.5 хувиар өссөн байна. Үүнд:

  • ҮОМШӨ-ий даатгалын сангийн зарлага 0.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин:
  • тэтгэврийн даатгалын сангийн зарлага 150.0 тэрбум төгрөгөөр,
  • тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 26.9 тэрбум төгрөгөөр,
  • ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 18.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын санд 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 766.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төсөвлөснөөс 0.8 хувь буюу 85.2 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Тус даатгалын сангаас 816.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин уг сангаас 799.5 тэрбум төгрөгийг энэ оны эхний хагас жилд зарцуулжээ. Түүнийг 2022 оны мөн үеэтэй харьцуулахад, сангийн нийт зарлага 259.4 тэрбум төгрөгөөр буюу 24.5 хувиар буурсан тоон үзүүлэлт гарсан байна.


Тайлант хугацаанд:

  • орон нутгийн төсвийн зарлага 1,118.2 тэрбум,
  • нийгмийн даатгалын сангийн зарлага 58.9 тэрбум,
  • эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага17.2 тэрбум төгрөгөөр тус бүр хэмнэгджээ.
Холбоотой мэдээ