“Хүнсний хувьсгал”-ыг хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-03-07 17:09:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд, хүнс үйлдвэрлэгч-баялаг бүтээгчид нэгдсээр байна. “Хүнсний хувьсгал” гэж товчлон нэрийдэх болсон уг хөдөлгөөнд оролцож буй хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд чууллаа.


Цар тахал ба геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий даяар хүнсний хангамж ноцтой доголдож буй энэ цаг үед улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах нь нэн тулгамдсан зорилт болж байна.


“Хүнсний хувьсгал”-ыг хэрэгжүүлснээр монголчууд бид ирэх 5 жилд гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашдаа хүнс экспортлогч улс  болох, малын өвчингүй эрүүл бүсийг бий болгох зорилтыг тавьсан билээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баялаг бүтээгчдийн зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ, “Хүнсний хувьсгал”-ыг хэрэгжүүлэхийн тулд төр ба хувийн хэвшлийнхэн дараах 6 асуудалд онцгойлон анхаарч, хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг онцоллоо.


Үүнд: “Хүнсний хувьсгал”-ыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэх, кластеруудыг бий болгон хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн ба тээвэр логистикийн сүлжээг оновчтой байдлаар төлөвлөх; хүнс үйлдвэрлэж буй баялаг бүтээгчдээ хамгаалан хөгжүүлэхэд чиглэсэн эрхзүйн орчныг боловсронгуй болгох; малын өвчингүй эрүүл бүсийг бий болгохын тулд вакцинжуулалт, био бэлдмэлийн үйлдвэрлэлийн асуудлуудыг шийдвэрлэх; зээл, татвар, даатгалын хөшүүргүүдийг ашиглаж, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих; үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ухамсар хандлагыг иргэдэд төлөвшүүлэх; “Хүнсний хувьсгал”-ын үр дүнг хагас жил тутамд олон нийтэд тайлагнаж байх нь зүйтэй гэдгийг төрийн тэргүүн тэмдэглэн хэллээ.


“Хүнсний хувьсгал” аяныг УИХ болон Засгийн газар идэвхтэй дэмжиж байна. Тухайлбал, УИХ 36 тоот тогтоол гаргаж,  хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх 5 жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх үүргийг Засгийн газарт өглөө.


Зөвхөн энэ онд гэхэд, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн нь тухайн салбарт сүүлийн 30 гаруй жилд үзүүлж байгаагүй том дэмжлэг мөн.  


Аливаа үйлдвэрлэлийн төсөл нь 5-10 жилийн хугацаанд үр дүнгээ өгдөг тул “Хүнсний хувьсгал” гэх мэт үндэсний хэмжээний том төслийг хүү өндөртэй, хугацаа богинотой банкны зээлээр санхүүжүүлэх ямар ч боломжгүй билээ. Тэгвэл Монголын арилжааны банкууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийлж, 2023 онд Засгийн газрын хүүгийн татаастай нийт 1 их наяд хүртэлх төгрөгийн 3-5 хувийн хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгохоор шийдвэрлэжээ. Үүний тулд Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэгт 135.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.


Хөнгөлөлттэй зээл олгохоос гадна татварын тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлэх замаар хүнс үйлдвэрлэгч-баялаг бүтээгчдээ дэмжих шийдвэрийг төр засгаас гаргалаа. Тодруулбал, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас 100% чөлөөлнө.  Мөн импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөлнө. Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил; үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн; дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлж байна. Түүнээс гадна, жилийн 1,5 тэрбумаас доош борлуулалттай аж ахуйн нэгжүүдэд ногдуулах татварыг 90 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэжээ. Мөн үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, тариалсан ААН-ийн албан татварыг 50%-иар хөнгөлнө.


Түүнчлэн үр тариа; төмс, хүнсний ногоо, түүний үр; жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац; тэжээлийн ургамал; модны суулгац үйлдвэрлэсэн болон тариалсан байнга оршин суугчийн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө.


Эдгээр шийдвэр нь “Хүнсний хувьсгал” хурдаа авахад маш том дэмжлэг болох бөгөөд үүний үр дүнд дотоодын үйлдвэрлэлээр дамжуулан шинээр олон мянган ажлын байр бий болж, ингэснээр иргэдийг ажилгүйдэл, ядуурлаас ангижруулахад томоохон түлхэц болох учиртай.


Цаашдаа хүнснээс гадна цахилгаан эрчим хүч, түлш шатахуун зэрэг стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чадвартай улс орон болох ёстой гэдгийг төрийн тэргүүн үгийнхээ төгсгөлд онцлон дурдлаа.   

Холбоотой мэдээ