Эдийн засгийн боломж ба сар шинийн төсөв

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-02-16 13:16:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын 60 гаруй хувь нь цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн судалгаа бий.

Нэг өрх дунджаар 1.2 сая төгрөгийг цагаан сард зарцуулахаар байна хэмээн ҮСХ-ноос мэдээлсэн ч амьдрал дээр доод тал нь 2.0 сая, түүнээс дээш төгрөгөөр цагаан сардаа бэлтгэж байгааг иргэд хэлж байна.


Өв соёл, уламжлалыг тээдэг энэхүү баярыг жил бүр  иргэд цомхон, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ хэмээн ярьдаг ч ачир дээрээ өөр сонголт хийж, сэтгэл хөөрлөөр ханддаг нь нууц биш юм. Иргэдийн дийлэнх нь хэт өөдрөгөөр баярын бэлтгэлээ базаадагаа нуусангүй. Үнэндээ санхүүгээ төлөвлөх нь хүний бодлоос эхтэй. Бодлоос шийдвэр гарч, шийдвэрээс худалдаа хийнэ. Эндээс юуг харж болох вэ гэхээр  хэрэглэгчийн хэт өөдрөг байдал хэрэглээг өсгөж, эдийн засгийг тэлэхэд хувь нэмэр оруулна гэсэн үг. Энэ жилийн хувьд ковидын дараа буюу хамгийн өргөн тэмдэглэх цагаан сар гэдгээрээ онцлогтой. Энэ хэрээрээ өрхийн цагаан сарын төсөв нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Жилээс жилд цагаан сарын өртөг нэмэгдэж буйг дараах тоон үзүүлэлтээс харж болох юм.


ҮСХ-ны мэдээллээр улсын хэмжээнд 960 мянга орчим өрх байна гэсэн тооцоо гарсан. Тоон мэдээллээс үзвэл, 2013 онд нэг өрх цагаан сардаа дунджаар 574 мянган төгрөг зарцуулж байсан бол энэ онд дунджаар 1.2-3.5 сая төгрөг зарцуулах тооцоо байна. Санхүүдээ тулгуурлан айл бүрийн зарцуулалт өөр өөр бөгөөд олон хүн ирдэг настайчуудын хувьд 4-5 сая төгрөг зарцуулж байгаа аж. Харин залуучуудын хувьд харьцангуй бага зардлаар цагаан сараа тэмдэглэнэ хэмээн ярьж байна. Дундаж тооцооллоор энэ жилийн цагаан сард монголчууд 2 орчим их наяд төгрөг зарцуулах дүр зураг харагдаж байна. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлээс илүүтэй импортын бараа буюу бэлэг сэлтэнд дээрх мөнгөний 50 хувийг зарцуулах нь ээ. Үүнээс үзэхэд гадагшаа дор хаяж нэг их наяд төгрөг гадагшилж, гадаад валютын урсгалыг тэлэхээр байна.


Импортын барааны БНХАУ 36  хувь, ОХУ 30 хувийг бүрдүүлдэг бол үлдсэн хувийг Турк, Солонгос, Япон, АНУ, Герман, Энэтхэг, Франц, Польш,зэрэг улс эзэлж байна.


Энэ жилийн хувьд бараа бүтээгдэхүүн, хүнсний үнэ хэд дахин нэмэгдсэн нь иргэдийн төсөвт хүндрэл учруулж буйг тэд онцолж байна. Тухайлбал ҮСХ-ны мэдээллээр энэ сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.4 хувь, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар өсчээ. Үүнийг иргэд сар шинийн эрэлтээс үүдэлтэй өсөлт хэмээж байна.



Мөн сар шинээр  юань болон ам.долларын эрэлт  нэмэгддэг нь импортын бараа бүтээгдэхүүний таталтай холбоотой аж. Тухайлбал он гарснаас хойш юанийн төгрөгтэй харьцах ханш дөрвөн хувиар чангарсан үзүүлэлт байна. Энэ мэтчилэн цагаан сарыг тойрсон эдийн засгийн үзүүлэлтүүд өсөлтөөр илэрхийлэгдэж буй юм.


Нэг өрх идээ шүүсний зардалд  багадаа дунджаар нэг сая орчим төгрөг зарцуулах тооцоо байна. Үүн дээр хувцас хэрэгсэл, бэлэг сэлт нэмэгдэнэ. Мөн зарим өрхүүд шинэ сарыг угтан гэрийн тавилга, эд хэрэгслээ сольдог. Энэ тооцоог нэмбэл өрхийн зардал тэлнэ.  


Тэгвэл сар шинийн төсвийг иргэд хаанаас бүрдүүлдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Монголчуудын дийлэнх буюу ахмадууд цагаан сарынхаа бэлтгэлээ базаахын тулд цалин болон тэтгэврийн зээл авдаг байна. Сарын өмнөөс эхлэн цалин тэтгэвэрийн зээл авалт нэмэгдсэн хэмээн банкныхан хэлж байна. Зээлдэгчдийн статистикээс үзвэл  2018 онд 520 мянган иргэн, 2019 онд 584 мянган иргэн, 2021 онд 451 мянган иргэн цалин, 2022 онд 524 мянган иргэн цалин, тэтгэврийн зээл авчээ. Зээлдэгчдийн дийлэнх нь жилийн хугацаатай зээл авдаг байна. Тэгэхээр жил хэрэглэх мөнгөө зөвхөн цагаан сард зарцуулах  нь эргээд өрхийн төсөвт орлогын тасалдал үүсэх, улмаар эдийн засаг нь хүндрэх эрсдлийг бий болгох талтай.


Үнэндээ монголчууд сар шинийн баяртаа ач холбогдол өгдөг. Цагаан сар дөхмөгц үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бэлэн мөнгийг бэлгэнд өгнө хэмээн жил бүр ярьдаг ч цагаа тулахаар импортын бараа бүтээгдэхүүнийг сонгож буй нь хэд, хэдэн  шалтгаантай.Тухайлбал үндэсний үйлдвэрлэгчид нэг үеэ бодвол бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулсан ч үнийн хувьд импортын бараанаас хэт өндөр байгаа нь өөр сонголт хийхэд хүргэдэг байна. Улмаар хүний хэрэгцээг хангах бүтээгдэхүүн ховор, улиг болсон нэр төрөлтэй гэдгийг хэрэглэгчид шүүмжилдэг. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ стандартад анхаарч, нэр төрлөө олшруулан зах зээлийн зарчмаар өртөг, зардлаа бодитоор тооцож үнэ тогтоох нь импортын барааг хазаарлах хөшүүрэг болно. Нөгөөтэйгүүр дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн төрийн бодлого байх шаардлагатайг дээрх баримт өгүүлж байна.


Сар шинийн үеэр иргэдэд хамгийн их ачаалал нэмдэг нь үнийн хөөрөгдөл юм. Худалдаачдын зүгээс шатахуун, инфляци, валютын ханшийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд нөлөөлөө хэмээн тайлбарладаг ч үүнийг бодитоор тооцсон тоон мэдээлэл байдаггүй. Энэ мэтчилэн худалдаа эрхлэгчдийн аман тайлбараар үнэ хөөрөгдөх асуудлыг цэгцлэхээс эхлээд үнэд хяналт тавих бодитой зохицуулалт шаардлагатай байгааг жил бүрийн цагаан сар илтгэж байна.  

Холбоотой мэдээ