Дүрэм зөрчигчдийг хашраадаг орон орны онцлог шийтгэлүүд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-11-04 10:58:33

 

Бодит амьдрал дээр замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, торгууль төлж үзээгүй хүн гэж байхгүй болов уу. Дэлхийн ихэнх улс оронд хурд хэтрүүлэх, улаан гэрлээр дайрах, согтуугаар жолоо барих, аюулгүйн бүсээ зүүхгүй байх зэрэг зөрчлүүд зонхилдог.


Улс орнуудад мөрдөж буй замын хөдөлгөөний дүрмүүд нь үндсэндээ ижил төстэй боловч дүрэм зөрчигчдөд ногдуулж буй шийтгэл нь харилцан адилгүй байдаг.  Зарим улсад дүрэм зөрчигчдийг өмнөөс нь өрөвдмөөр тийм хатуу шийтгэл оноодог бол зарим улсад арай зөөлөн талдаа. Ямар ч тохиолдолд, зөрчил гаргагчдад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлж байж л замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохих түвшинд хангах боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үздэг ажээ.


Япон


Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хамгийн хатуу шийтгэл ногдуулдаг улс орнуудын нэг бол Япон юм.  Ялангуяа тээврийн хэрэгслийн хурд ба зогсоолын журмын хэрэгжилтэнд маш хатуу хяналт тавьдаг бөгөөд үүний тулд ихэнх замууд дээр дүрс бичлэгийн камер, фото аппарат зэргийг байрлуулсан байдаг. Тухайлбал, зогсоолын журам зөрчсөн жолоочид 835 долларын торгууль ногдуулах ба цаашилбал автомашин жолоодох эрхийг нь хагас жилийн хугацаагаар хасаж ч магадгүй.


Хэрвээ жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа жолоо барьсан бол 2 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсвэл согтуурсан этгээдэд жолоо шилжүүлсэн хүнийг 3 жил хүртэл хугацаагаар хорьдог нь нэлээд хатуу шийтгэл мөн.


Тэр ч бүү хэл, “юм амссан” жолоочийн машинд сууж зорчсон насанд хүрсэн хүмүүсийг ч мөн “ташраар торгодог” нь гадаадынхныг гайхшруулна. Энэ журмыг баримтлан бааранд суусан жолоочид архиар үйлчилсэн барменийг хүртэл торгодог гэнэ. Согтуу жолооч өөрөө 1 сая иений торгууль төлөх ёстой ба хэрвээ энэ мөнгийг төлж чадахгүй бол 5 жил шоронд суух болно.   


Хятад


Тус улсад зөрчлийн бүртгэлийн өвөрмөц систем үйлчлэх бөгөөд жилийн хугацаанд жолоочид 12 оноо өгнө. Хэрвээ он дуусахаас өмнө зөрчлийн оноогоо дуусгавал жолоодох эрхийг нь 3 сарын хугацаагаар хасна.


...Хурд хэтрүүлбэл 2000 юань буюу 318 доллароор торгоно.


...Машинаа буруу байрлуулбал торгууль нь – 16 доллар;


...Аюулгүйн бүс хэрэглээгүй бол – 8 доллар;


...Улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн бол 30-32 доллароор торгож, дээр нь торгуулийн 6 оноо тооцно.  


Торгуулийн хэмжээ хүмүүсийн орлоготой харьцуулахад өндөр, Европын орнуудынхтай ойролцоо тул ихэнх жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг ягштал мөрдөнө.


Согтуу жолоочийн буруугаас үүдэн авто замын осол гарч, хүний амь эрсэдсэн бол цаазын ял оноож ч болзошгүй. 


Финланд


1000 доллароор торгуулчихаад огтхон ч тоохгүй хөх инээд нь хүрдэг баячууд аль ч улсад бий. Тэгвэл Финланд улсад уг асуудлыг түрийвчнийх нь хэмжээнд тохируулан шийддэг байна.


Өөрөөр хэлбэл, цалин хөлс ба орлогынх нь хэмжээнээс хамааруулан торгуулийг онооно. Жирийн ажилчин хүн 500 долларын торгууль төлөх бол баячуудад ногдуулах торгуулийн дүн үүнээс хэдэн арав, зуу дахин их. Нэгэн жишээг дурдахад, Юсси Салоноя гэдэг саятан Хельсинки хотод явж байхдаа хурд хэтрүүлж, 170 мянган еврогоор торгуулсан нь Гиннесийн номонд бичигджээ.


Өөр нэгэн иргэн 99 км/цагийн хурдтайгаар давхисны учир 150 мянган еврогоор торгуулсан ба түүний орлогыг тодорхойлсны дараа 15 мянга болгож бууруулжээ. Түүгээр ч зогсохгүй түүний жолоодох эрхийн үнэмлэхийг хураасан байна. 


Их Британи


Энэ улсад жилийн ихэнх өдрүүдэд бороотой байдаг. Хэрвээ жолоо барьж буй хэн нэгэн замын хажуугаар явж буй явган зорчигч руу шалбаагны ус цацах аваас 100 фунтээр торгодог тул Английн жолооч нар тун ч эелдэг зөөлөн харьцаатай.



Франц


Францчууд дарсанд дуртай учраас үндэсний энэ онцлогийг тус улсын хууль дүрмэнд тусгасан байдаг ажээ. Жолоо барих үедээ уухыг зөвшөөрсөн алкоголийн хэмжээ нь нэлээд өндөр боловч хязгаараас давсан тохиолдолд маш хатуу шийтгэл ногдуулдаг. Алкоголийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь 0,5-0,8 промилле бөгөөд энэ тохиолдолд харьцангуй зөөлөн буюу 135 еврогоор торгоно. Харин согтуурлын зэрэг 0,8 промиллегээс давсан бол 4500 еврогоор торгож, дээр нь 3 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасна. Хэрвээ согтуугаар автомашин жолоодсон үедээ 2 ба түүнээс дээш тооны хүний амь насыг хохироосон бол 10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. 


Саудын Араб


Хурд хэтрүүлсэн жолоочийг 400 доллароор торгох ба түүнд сургамж өгөхийн тулд 20 хоног шоронд хорьдог. Шоронд байх хугацаанд нь дүрэм зөрчигчийг 20 удаа саваадах шийтгэлтэй. Хэрвээ давтан зөрчил гаргах аваас торгууль, хорих хугацаа, саваадах тоо өөрчлөгдөхгүй бөгөөд дээр нь автомашиныг нь хурааж авна. 


Эдгээр жишээнээс харахад, замын хөдөлгөөний дүрмийг зөрчигчдөд ногдуулдаг үндсэн шийтгэл нь торгууль болж байна. Гэхдээ тэдэнд нөлөөлөхүйц өөр аргуудыг ч хэрэглэдэг аж.


2019 оноос зарим улсын замын цагдаагийн албадад “тайвшруулах зогсолт” гэдэг нэр томьёог хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь жолоо барьж буй хүнийг хөдөлгөөнд оролцохоос түр зуур завсарлуулж, 15-20 минутын хугацаанд амраахыг хэлж байгаа ажээ. Учир нь, бодит байдал дээр хүмүүс цаг хугацааг мөнгөнөөс ч илүүд үздэг бөгөөд үргэлж ямар нэгэн ажлыг амжуулах, бусдаас өмнө амжих гэж сэтгэхүй нь давамгайлж, яарч давхидаг байна. Үүний улмаас хэт ядаргаанд орж, жолоо барьж байх үедээ анхаарал нь суларснаар зам тээврийн осолд өртөх нь түгээмэл. Хотын гаднах замуудаар явж буй жолооч нарт амраах аргыг түлхүү хэрэглэдэг бөгөөд учир нь ийм замаар давхиж буй хүн амрахыг хүсдэггүй гэнэ.


Уг арга үр дүнгээ өгөөд эхэлжээ. Тухайлбал, Эстони улсад анх удаа хурд хэтрүүлсэн хүнийг 45 минутын турш зогсоодог байна. Энэ үед тээврийн цагдаа нар протоколын хамт нэгэн товхимлыг жолоочид өгөх ба түүнд “хэрвээ та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхгүй бол эрхтний донор болно шүү” гэж анхааруулдаг байна. Өөрөөр хэлбэл, “Хурдаа хяна эсвэл эрхтэний донор бол” гэсэн үг тодоос тод зурайна.


Таиландад согтуугаар жолоо барьсан хүмүүсийг шийтгэх ер бусын аргыг сэдэж олжээ. Дүрэм зөрчигчдөөр 15 хоногийн хугацаанд албадан хөдөлмөр хийлгэх бөгөөд ихэнх улсуудад уламжлал болсон шиг гудамж талбайг цэвэрлүүлэх шийтгэлээс ондоо. Таиландын согтуу жолооч нар өөрт нь оноосон шийтгэлийн хугацаанд цогцос хадгалах газарт ажиллаж, согтуу үедээ хэт хурдан давхих нь ямар уршигтай болохыг нүдээрээ хардаг байна.  Харгис хатуу гэмээр боловч хүмүүсийн ухамсарт маш хүчтэй нөлөөлдөг арга!


Сингапур

Энэ бол хатуу хууль цаазтай гэдгээрээ алдартай хот-улс билээ. Сингапурын бүх замд ажиглалтын автомат систем суурилуулсан бөгөөд аюулгүйн бүсээ зүүгээгүй /800 долларын торгууль/ гэх мэт жижиг зөрчлүүдийг хүртэл илрүүлж, торгуулийн хуудсыг дүрэм зөрчигч рүү илгээдэг. Тус улсын хууль дүрэм маш хатуу тул шоронгууд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөөр дүүрсэн байдаг ажээ. Хүний амийг хөнөөсөн ноцтой осол гаргасан бол цаазын ялаар шийтгэх магадлалтай.


Австрали


Амьдралын түвшин өндөр, амгалан тайван энэ улсад очиж амьдрахыг мөрөөддөг хүмүүс дэлхий даяар олон бий. Гэхдээ салан задгай, дураараа давхих дуртай жолооч нарын хувьд Австралийг зорих огтхон ч хэрэггүй.


Тус улсад 40 км/ц-аас илүү хурдтай явахыг хориглосон дүрэм үйлчилдэг ба түүнийг зөрчих аваас  500 доллароор торгуулна. Тогтоосон хурдаас 3 дахин илүү хурдан давхисан хүний автомашиныг шууд хурааж аваад прессээр шахаж төмрийн хаягдалд шилжүүлдэг байна. Түүнээс гадна, жолоо барьж байгаа үедээ утсаар ярихыг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд эхний удаад 200 доллароор торгодог бол давтан зөрчсөн бол 2 хүртэлх жилээр шоронд хорино.  


Казахстан


Бараг хөрш гэж болох энэ улсад замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд ногдуулдаг шийтгэл нь манайхаас эрс өөр. Тухайлбал, согтууруулах ундаа эсвэл хар тамхи хэрэглэсэн этгээдийн жолоодох эрхийг 3 жилээр хасдаг. Зөрчлийг давтан гаргасан тохиолдолд эрх хассан хугацаа 2 дахин нэмэгдэж 6 жил болно. Ингэхдээ хүмүүст ба  тэдний эд хөрөнгөнд хохирол учруулаагүй байсан ч гэсэн дээрх шийтгэлийг онооно. Зам тээврийн осол гаргасан бол бүр ч хатуу шийтгэдэг ажээ. 

Холбоотой мэдээ