Ирэх оны төсвийн ихэнхийг эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, нийгмийн халамжинд зарцуулна

ТОЙМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-12-16 02:43:52
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2021 оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг, зарлага 13.9 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр байна.  


УИХ-аар өнгөрсөн сард хэлэлцэн баталсан ирэх оны төсвийг ерөнхийд нь харвал 2021 онд Монгол Улс 12 төрлийн татвараас гол орлогоо төвлөрүүлж түүнийгээ эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл болон нийгмийн халамжийн үйлчилгээнд түлхүү зарцуулахаар төлөвлөжээ.


 2021 оны Монгол Улсын орлогын эх үүсвэр


 Татвар


Ирэх онд манай улсын нийт орлогын 91.2 хувь буюу 10.8 их наяд төгрөгийг татварын орлого, 8.8 хувь буюу 1.0 их наяд төгрөгийг татварын бус орлого бүрдүүлнэ.


2021 онд татварын нийт орлогыг энэ оны батлагдсан дүнгээс 1.9 их наяд төгрөгөөр буюу 21.6 хувиар нэмэгдүүлэн 10.8 их наяд төгрөг байхаар төсөвт тусгасан. Ингэхдээ татварыг нэмэх бус бизнесийг дэмжиж, гаалийн шинэчлэлийг үргэлжлүүлэн гадаад худалдааг эрчимжүүлж, технологийн дэвшлээр татварыг хялбаршуулан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлого баримтлах юм.


Ирэх онд татвараас улсад төвлөрүүлэх нийт орлогын 27 хувийг орлогын албан татвар, 26 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 19 хувийг нийгмийн даатгалын орлого, 9 хувийг онцгой албан татвар, үлдсэн 19 хувийг бусад татвар эзэлж байна.


Татварын бус орлого


Ирэх онд нийт татварын бус орлогыг энэ оны батлагдсан хэмжээнээс 159.6 тэрбум төгрөгөөр буюу 18.1 хувиар нэмэгдүүлэн 1 их наяд төгрөг байхаар тооцсон байна. Татварын бус орлогод бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тосноос олох орлого, манай улсын газар нутаг дээгүүр дамжин өнгөрөх, буух, хөөрөх агаарын тээврийн хэрэгсэлд үзүүлэх навигацийн үйлчилгээний орлого, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн хувьцааны ногдол ашиг зэрэг багтдаг юм.


Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сангийн орлого


Төсвийн нийт орлогоос тодорхой хэсгийг Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуваарилдаг бөгөөд түүнийг зөвхөн онцгой нөхцөлд төсөвт шилжүүлэн зарцуулах боломжтой.  


Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс шалтгаалсан төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулах зорилгоор 2011 онд Төсвийн тогтворжуулалтын санг  байгуулсан. 2021 оны төсөвт зэс, нүүрснээс төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлэх тул эдгээр бүтээгдэхүүн гол нэр төрлийн эрдэс баялагт тооцогдож байна. Ирэх онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 5,456.1 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 76.3 ам.доллар байхаар байна. Харин зэсийн зах зээлийн үнэ 6,500 ам.доллар буюу тэнцвэржүүлсэн үнээс 19 орчим хувиар их байх төлөвтэй байгаа тул 2021 онд зэсийн орлогоос Төсвийн тогтворжуулалтын санд 100.8 тэрбум төгрөг, нүүрсний орлогоос 55.2 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлэхээр тусгажээ.


Цаашид нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас улсын төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зорилгоор 2017 онд Ирээдүйн өв санг байгуулсан. Ирэх онд Ирээдүйн өв санд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төрийн эзэмшилд ногдох хувьцааны ногдол ашгийн орлогоор 155.0 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 990.1 тэрбум төгрөг, хүүгийн орлогоор 35.0 тэрбум төгрөг, нийт 1.2 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр байна.


Олсон орлогоо юунд зарцуулах вэ?


2021 оны төсвийн нийт зардал 13.9 их наяд байгаагийн 11 их наяд төгрөгийг урсгал зардал, 3.4 их наяд төгрөгийг хөрөнгийн зардал, 558 тэрбум төгрөгийг эргэж төлөгдөх цэвэр зээлийн зардал эзэлж байна.


Урсгал зардал


Улс орны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулах урсгал зардлыг бүтцээр нь ангилж үзвэл төрийн албан хаагчдын цалин хөлс 22 хувь, бараа үйлчилгээний бусад зардал 18 хувь, зээлийн хүүгийн зардал 11 хувь, татаас ба урсгал шилжүүлгийн зардал 49 хувийг тус тус эзэлж байна. Улсын төсвийн урсгал зарлагыг ерөнхийлөн захирагчаар нь харвал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хамгийн их буюу 2.2 их наяд төгрөг ногдож байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс 2021 онд энэ хэмжээний мөнгийг тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжид зарцуулахаар төлөвлөжээ. Манай улсын 2.3 сая иргэн давхардсан тоогоор 76 төрлийн мөнгөн халамж авдаг гэсэн тоо бий.  


Хөрөнгийн зардал


Ирэх онд төсвийн хөрөнгөөр 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 1031 төсөл, арга хэмжээ, барилга байгууламж барихаар тусгасан. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгөөр он дамнан хэрэгжүүлж буй төслийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлнэ хэмээн Сангийн сайд мэдэгдсэн. Дээрх санхүүжилтийн 50 орчим хувь нь хөдөө орон нутагт, 30 хувь нь нийслэлд ногдож байгаа юм. 


Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд Боловсрол, шинжлэх ухааны салбарын 356.7 тэрбум төгрөгийн 336, Эрүүл мэндийн салбарын 75.9 тэрбум төгрөгийн 86, Зам, тээврийн хөгжлийн салбарын 236.6 тэрбум төгрөгийн 106, Барилга хот байгуулалтын салбарын 179.5 тэрбум төгрөгийн 168, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 31.1 тэрбум төгрөгийн 43 төсөл, арга хэмжээ тус тус санхүүжүүлэхээр тусгаад байна.


Үүнээс онцлох бүтээн байгуулалтыг дурдвал 2021 онд ашиглалтад орох 67 тэрбум төгрөгийн өртөг бүхий Чингис хааны музейн барилгын үлдэгдэл 4.3 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгажээ. Түүнчлэн 2022 онд дуусах 125 тэрбум төгрөгийн өртөг бүхий Үндэсний урлагийн их театрын барилгын 5 тэрбум төгрөг, 94 тэрбум төгрөгийн өртөг бүхий Байгалийн түүхийн музейн 20 тэрбум төгрөг, 94 тэрбум төгрөгийн өртөг бүхий Шинжлэх ухаан, инновацын төвийн кластерийн 12 тэрбум төгрөгийг 2021 оны төсөвт багтаажээ.


2015 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн зардал 8 их наяд төгрөг, төсвийн алдагдал 400 гаруй тэрбум төгрөг байсан бол 2021 онд зардал 13.9 их наяд, алдагдал 2.2 их наяд төгрөг болж нэмэгдлээ. Төсвийн зардал хэт өндөр байгааг эдийн засагчид болон зарим улс төрчид шүүмжилж байгаа. Тэр дундаа музей, соёлын төв барих гэх мэт тэвчиж болох зардлыг хасаж үүний оронд ЖДҮ, бизнес эрхлэгчдээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн хөдөө орон нутгаас сонгогдсон төрийн өндөрлөгүүдийн тойргийн төсөв хэт өндөр байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Жишээлбэл 76 мянган хүн амтай Хэнтий аймагт 2021 онд 90 төслийг 125 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх бол 62 мянган хүн амтай Булган аймагт 9 тэрбум төгрөгийн 18 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байна.


Засгийн газрын өр


Ирэх оны төсвийн зардал орлогоосоо давж, үүнээс хүлээх алдагдал нь 2.2 их наяд төгрөг буюу ДНБ-ний -5.1 хувьтай тэнцэж байгааг дээр дурдсан. Төсвийн алдагдлыг Засгийн газрын үнэт цаас, гадаад зээлийн эх үүсвэрээр нөхдөг. Өөрөөр хэлбэл ирэх онд манай улсын өр 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм.


2020 оны хоёрдугаар улирлын байдлаар Засгийн газрын нийт өр 26 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 56.6 хувьтай тэнцсэн. Үүний 87.5 хувийг гадаад үнэт цаас, зээл, 5.2 хувийг дотоод үнэт цаас эзэлж байгаа бол өрийн баталгаа, “барих шилжүүлэх” төрлийн концессын өр төлбөр 7.3 хувийг эзэлж байна.


Засгийн газрын өр 2019 оны эцэст 24.2 их наяд төгрөг байсан бол дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын нөлөөгөөр төсвийн алдагдал нэмэгдэж, 2020 оны эхний хагас жилд нийт 1.6 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй гадаад зээлийг ашигласан нь өрийн хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.   


Ийнхүү өрийн хүү, шимтгэлийн зардалд 2021 онд нийт 1.1 их наяд төгрөг төлөхөөр төсөвт тусгаад байна. Үүний 48 хувийг гадаад үнэт цаасны хүү, 28 хувийг дотоод үнэт цаасны хүү, 24 хувийг гадаад зээлийн хүүгийн зардал тус тус эзэлж байна.


Засгийн газрын өр 2021 онд өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 61.9 хувьтай тэнцэх тооцоо гарсан бөгөөд хуулиар өрийн дээд хязгаар ДНБ-ий 70 хувиас хэтрэх ёсгүй юм.


 

Холбоотой мэдээ