The Economist: Э.Макрон өөрийг нь шүүмжлэгчдийг хахуульдах замаар тэднээс салахыг оролдож байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-12-13 14:43:52

Францын Ерөнхийлөгч Э.Макроны хэлсэн үгийг 21 сая хүн анхааралтай ажиглан сонслоо. 12 дугаар сарын 1-нд эсэргүүцэл ажиллагаа эхэлснээс хойш тэрбээр анх удаагаа олон нийтэд хандан үг хэлсэн нь энэ юм. Э.Макрон цалингийн доод хэмжээг 100 еврогоор нэмэгдүүлэхээр амласан боловч энэ нь эсэргүүцэгчдийг тайвшруулж чадахаар хангалттай арга хэмжээ мөн үү?


Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд нь анх удаа тохиосон улс төрийн бодит хямралыг намжаахын тулд Эммануэль Макрон 10-ны өдөр францчуудад хандан үг хэллээ. Түүний царай зүс дүнсгэрдүү, үг яриа нь гэмшсэн өнгө аястай байв. Тэрбээр хэлэхдээ “хэлсэн үгээрээ би зарим хүмүүсийг гомдоосон гэдгээ мэдэж байна” хэмээн алдаагаа хүлээн зөвшөөрөөд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд өндөр өртөг бүхий санхүүгийн арга хэмжээнүүд авна гэдгээ амаллаа. Энэ нь нэр хүндээ сэргээхэд нь түүнд хангалттай юу гэдэг нь олон нийтийн санаа бодлоос төдийгүй эсэргүүцлээ илэрхийлж буй хүмүүсээс шалтгаалах болно. 


Макрон 13 минутын турш үг хэлэхийг 21 сая хүн ажиглан сонссон бөгөөд улс орон даяар өрнөсөн “шар хантаанзтанууд” хэмээх сэргүүцлийн ажиллагааны үеэр Парис хотын төв хэсэг хүчирхийлэлд автсан 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш тэрбээр анх удаагаа олон түмний өмнө гарсан нь энэ юм. Цалингийн доод хэмжээ буюу 1499 еврогийн цалин авдаг хүмүүст сард 100 евро нэмж олгоно, энэ нь ажил олгогчдод дарамт болохгүй гэсэн амлалтыг Макрон өглөө. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх тухай шийдвэр нь сард 2 мянгаас доош еврогийн цалин авдаг хүмүүст хамаарахгүй болов. Ажил олгогчдоос өгч буй илүү цагийн хөлс, оны эцсийн шагнал урамшуулал зэрэгт татвар, шимтгэл ногдуулахгүйгээр шийдвэрлэжээ. 


Засгийн газрын хийсэн тооцоогоор, эдгээр арга хэмжээний өртөг нь 8-10 орчим тэрбум евро буюу Францын ДНБ-ний 0,4 орчим хувьтай тэнцэж байна. Хэрвээ зардлыг бууруулах замаар үүнийг нөхөхгүй бол энэ нь төсвийн алдагдалд хүргэх болно. Таамаглаж байгаагаар, төсвийн алдагдал 2019 онд ДНБ-ний 2,8 хувьд хүрч магадгүй байгаа нь Италитай харьцуулахад нэлээд өндөр тоо бөгөөд Маастрихтын 3 хувийн хязгаар дотор  дөнгөн данган багтаж  байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Макроны буултын “ачаар” алдагдал 3,5 хувьд хүрч магадгүй аж. Энэ нь еврогийн бүсэд шинэ хямралыг дэгдээж тун болзошгүй.

Үүний сацуу Макрон хэлэхдээ, эд хөрөнгийн татварыг буцаан авах боломжгүй гэдгийг дурдсан байна. Тэрбээр албан тушаалдаа орсон даруйдаа татварын буцаалтыг хүчингүй болгосон юм. Түүний энэ шийдвэрийг цуцлах нь олон “Шар хантаазтанууд”-ын хувьд гол шаардлага нь болж байгаа ажээ. Дизелийн түлш, бензинд ногдуулсан экологийн татварыг нэмэгдүүлснээс үүдэлтэй олон нийтийн дургүйцэл нь шударга бусаар татвар ногдуулж буйг эсэргүүцсэн ажиллагаа болж өргөжсөн билээ.  


Хүн амын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнээс дутуугүй чухал мэт санагдсан зүйл бол Ерөнхийлөгчийн хэлж буй үгний өнгө аяс юм. Тэрбээр лекц уншдаг бүхнийг мэдэгч хүн биш болжээ. Философийн дээд боловсрол эзэмшсэн, рационалист үзэлт Макрон ард олонд таалагдах улс төрийн бодлого явуулдаггүй байсан бол энэ удаад Елисейн ордны алтадсан ширээний араас энгийн байдлаар үг хэллээ. Сүүлийн 4 долоо хоногийн турш Францын хөдөөгийн районуудын замын уулзварууд дээр эсэргүүцлээ илэрхийлж байсан олон хүн “хүндрэл бэрхшээлийн улмаас амьжиргаагаа арай чүү залгуулж байхад ерөнхийлөгч бидэнд хүндэтгэлгүй хандлаа” гэж хилэгнэж байв. Энэ удаад Макрон алдаагаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр цаашдаа хотын дарга нар, үйлдвэрчний эвлэлийн удирдагчид болон бусад хүмүүсийг анхааралтай сонсч, тэдэнтэй байнга уулзаж байхаар болов.

Энэ бүхэн нь эсэргүүцлийн хөдөлгөөний эрчийг сулруулахад хангалттай юу? “Шар хантаазтанууд”-ын хөдөлгөөнд тодорхой бүтэц, тодорхой удирдагчид байхгүй байгаа нь засгийн газарт ихээхэн төвөг учруулж байна. Хөдөлгөөнийхөнд хэлэлцээний үеэр баримтлах албан ёсны байр суурь гэж алга, тэд түлшинд ногдуулсан экологийн татварыг өсгөснийг цуцал гэсэн бодит үндэслэлтэй шаардлагаас эхлээд Макроныг огцруул гэсэн утга учиргүй шаардлагыг хүртэл тавьж байгаа юм. Иймээс Макрон эвлэрлийн санал дэвшүүлэх ёстой байсан бөгөөд гэхдээ түүний энэ хүчин чармайлтыг хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй. Зарим “шар хантаазтанууд”-ын хувьд Ерөнхийлөгчийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь хангалтгүй санагдах болно. Өөрсдийг нь хаяж орхисон гэдгийг мэдэрсэн учраас тэд ингэтлээ хилэгнэж байгаа юм. Ийм бодол мэдрэмж зөвхөн Францад төдийгүй барууны ардчилсан орнуудад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бий болж газар авсаар байна. Одоо 15-ны өдөр “тавдахь бямба гараг”-ийн эсэргүүцлийн ажиллагаа болж магадгүй тухай хүмүүс ярилцаж байна. Гэхдээ олон түмний хандлага үүнд чухал нөлөөтэй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эсэргүүцлийн ажиллагаанд орон даяар 130 мянга орчим хүн оролцсон нь Францад өмнө нь болж байсан ажиллагаануудтай жишэхэд харьцангуй цөөн юм.  


Макроны улс төрийн өрсөлдөгчид нь түүний зарлан мэдэгдсэн арга хэмжээнүүдийг дутуу дулимаг гэж шүүмжлэхээр дугаарлаад зогсчихсон байгаа гэдэгт гайхах зүйлгүй. Эсэргүүүцлийн ажиллагааны үеэр явуулсан олон нийтийн санал асуулгын дүнг үзвэл, хэдийгээр хүчирхийлэл дэгдсэн боловч францчуудын ихэнх нь “шар хантаазтанууд”-ыг дэмжиж байгаа бөгөөд нөхцөл байдал тогтвортой байна. Харин Макрон үг хэлсний дараа, тэдний ихэнх нь “ерөнхийлөгчийн хувьд эсэргүүцэгчдийн шаардлагыг биелүүлсэн” гэж үзэх болжээ. Макроны өөрийнх нь хүрээлэл дэх зарим шүүмжлэгчдийн санаа нь амарч, бүтэн амьсгаа авахтайгаа болов. “Макрон өмнө нь зан харьцаандаа гаргаж байсан дутагдлуудаа хүлээн зөвшөөрлөө. Одоо тэр цаашаа явах боломжтой болсон” гэж эдийн засагч Филипп Агион дүгнэж байна. Тэрбээр Макроны сонгуулийн кампанит ажилд оролцож, түүнд зөвлөгөө өгч байсан бол ерөнхийлөгч болсных нь дараа хатуу шүүмжлэх болжээ.     


Ерөнхийлөгч Макрон шинэчлэгчийн эрч хүчээ хадгалан энэхүү үймээн бужигнаанаас хэрхэн гарч чадах вэ гэдгийг ухаж ойлгоход одоохондоо хэцүү байна. Түүнд Ерөнхийлөгчийн өргөн эрх мэдэл, парламент дахь олонхийн хүчтэй дэмжлэг бий. Өмнөх ерөнхийлөгч нараас өөр маягаар ажиллана гэж амлаж байсан боловч гудамжны дайралт шахалтын өмнө тэдний нэгэн адилаар адил ухралт хийнэ гэдгээ Макрон харуулчихлаа. “Шар хантаазтанууд”-ын эсэргүүцэл нь Макроны хувьд эргэлтийн үе болох нь мэдээж. Хүмүүсийг сонсдог ерөнхийлөгч нь “уур хилэнг боломж болгон хувиргаж” чаддаг байх, өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд шинэ зөвшилцлийг бий болгож чаддаг байхын тулд зөвшилцөлд хүрэх гэсэн эрмэлзэлтэй байх нь сайн үр дүнд хүргэнэ. Хэрвээ энэ бүхэн нь Франц орныг шинэчлэн өөрчлөх гэсэн түүний хүсэл эрмэлзлийг нураах аваас тун ч муу үр дагавартай.  


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://www.economist.com/europe/2018/12/11/macron-tries-to-buy-off-his-critics

https://inosmi.ru/politic/20181212/244216176.html

Холбоотой мэдээ