“Эрт илрүүлэг”-ийн цогц үзлэг оношлогоог иргэд сураг тавин хүлээдэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-10 16:55:34

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Халдварт болон Халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн цогц үзлэг оношлогоо 18 дахь сум сууриндаа амжилттай үргэлжиллээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын санал санаачилгаар хэрэгжиж байгаа “Халдварт болон Халдварт бус өвчний эрт илрүүлэг, сумын хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношлогоо” 11-р сарын 30-наас 12-р сарын 2-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд амжилттай явагдсан байна.

Энэхүү “Халдварт болон Халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн цогц үзлэг оношлогоо Сэлэнгэ аймгийн хэмжээнд явагдаж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд иргэд сураг тавин хүлээдэг болжээ.  

Энэ хугацаанд ЭМС-ын эмч мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийнхаа 18 дахь сум, сууринд 15-аас дээш насны нийт 23.0 мянга орчим иргэдийг үзлэг оношлогоонд хамруулж, цахим санд бүртгэлжүүлсэн байна. Мөн энд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын томилолтын зардлыг аймаг, сумын Засаг даргын нөөцөөс гаргуулж байгаа аж. Цаашид ард, иргэдийг хоёр жилд нэг удаа эрт илрүүлгийн үзлэг оношлогоонд тогтмол хамруулснаар 2024 он гэхэд Сэлэнгэ аймаг халдварт өвчний гаралтыг бүрэн хязгаарлахаас гадна урьдчилан сэргийлэлтэд ахиц гаргана хэмээн үзэж байгаа аж.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од “өнөөдөр аймгийнхаа сум суурин бүрт хүрч үйлчилж байгаа эрт илрүүлгийн үзлэгт иргэд идэвхтэй хамрагддаг болсон байна. Тэдний хувьд төв суурин газарт очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь тэр бүр таардаггүй ч зайлшгүй тохиолдолд аймгийн төв орж үзүүлэхэд цаг хугацаа зарцуулахаас гадна багагүй зардал гардаг. Иймээс өргөн бүрэлдэхүүнтэй ирж үйлчилж байгаа үзлэгийн багт иргэд сэтгэл хангалуун оролцож байна” гэлээ.

Үзлэгт тус сумын нийт хүн амын 60 орчим хувь нь хамрагдсан бөгөөд иргэдийн 6.6 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй байсан аж. Мөн цусан дахь сахар тодорхойлох шинжилгээгээр шинээр таван иргэн чихрийн шижин өвчинтэй болох нь тогтоогдсон байна. Харин 13А маягтаар таван иргэн цаашид гурав дахь шатлалын эмнэлэгт шилжин эмчлүүлэхээр болжээ. Дараагийн үзлэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Номгон” тосгонд үргэлжлэх аж. 

Холбоотой мэдээ