СЭЛЭНГЭ: 300 ахмад настныг “Эрүүл насжилт” сургагч багшаар бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-23 16:16:05

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 300 ахмад настныг “Эрүүл насжилт” сургагч багшаар бэлтгэж байна.

 

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас санаачилж, “Эрүүл насжилт” сургагч багш бэлтгэх сургалтыг Сүхбаатар сумын Засаг дарга, Сүхбаатар сумын Ахмадын хороотой хамтран энэ сарын 17-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Эрүүл мэндийн яамнаас зарласан “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм.

 

Сургалтад Сүхбаатар сумын 8 багийн 300 ахмад арван ээлжээр хамрагдаж байгаа юм. Хүн амын дунд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжин сургалт сурталчилгааг нэмэгдүүлэхэд сургалтын гол зорилго чиглэж байна.

 

Сургагч багш болж буй ахмадууд танхимаар олж авсан мэдлэг, мэдээллээ баг хорооны ахмадууд, гэр бүл, үр хүүхэд, ач зээ нартаа түгээж, эрүүл амьдралын хэв маягийг нийтэд түгээхэд бодит дэмжлэг үзүүлэх юм.

 

Монгол Улсын нийт хүн амын 8.6 хувийг ахмад настан эзэлж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт өнөөдөр 12998 ахмад настан бүртгэлтэй байна. Үүнээс Сүхбаатар суманд 3049 ахмад настан байгаа нь сумын нийт хүн амын 12.8 хувийг эзэлж байгаа юм.

 

Эдгээр “Эрүүл насжилт” сургалтад хамрагдаж буй 300 ахмад настан, сумынхаа 3000 орчим ахмадуудын сургагч багш болон ажиллах аж.

 

Холбоотой мэдээ