“1000-инженер” бэлтгэх хөтөлбөрт 400 гаруй багш, судлаач, оюутан хамарчээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-11-14 17:14:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсын их сургуулиудад магистр, докторын сургалтад хамарсан эхний ээлжийн оюутан, судлаачид өөрсдийн хамгаалсан сэдвийн онол, практикийн ач холбогдлыг нийгэм, олон нийтэд таниулан түгээж, хамтарсан судалгааны багуудын хооронд мэдээлэл солилцох зорилгоор “1000-инженер” нээлттэй илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.

“Инженер технологийн дээд боловсрол” төслийг өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжих явцдаа 1000 хүнийг Япон Улсад инженер, технологийн чиглэлээр сургахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 400 гаруй багш, судлаач, оюутнууд Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр,судалгааны хөтөлбөрт хамраад байгаа юм.

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, “Төслийн хамтарсан судалгааны 20 баг Япон Улсын их сургуулиудтай тэргүүлэх 8 чиглэлээр судалгааны ажлыг тогтмол хийж, туршлага солилцон ажиллаж байгаагаас Япон Улсын их сургуулиудад магистр, докторын хөтөлбөрт хамран сурч амжилттай төгссөн оюутан, судлаачид өөрсдийн судалгааны ажил, хамгаалсан сэдвийг танилцуулж, онол практикийн ач холбогдлыг хуваалцаж байгаад туйлын баяртай байна. Түүнчлэн цаашид шинжлэх ухаан, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Инженер технологийн дээд боловсрол” төсөл нь Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн хэсгээс бүрддэг. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн онцлог нь ЕБС төгсөгчдөөс шалгаруулж авдаг. Шалгаруулалт хоёр үе шаттай. Эхний удаад шалгалтад 50 онооноос дээш үнэлгээ авбал дараагийн шалгаруулалтад орно. Энэ шатанд ЭЕШ-д үзүүлсэн дүнгээр эрэмбэлнэ. Математик, Физикийн хичээлийн ЭЕШ-ын дүн нь 650-иас дээш бол Япон улсын мэргэжлийн сургууль, 680-аас дээш бол Япон улсын бакалаврын зэрэг олгох сургалтад элсэн сурах боломж бүрдэх юм.

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад тэнцсэн оюутан ШУТИС-д хэрэгжих хос бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах бөгөөд 2.5 жил амжилттай суралцсан оюутан Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцсэн тохиолдолд кредит дүйцүүлэн Японы их, дээд сургуульд шилжин суралцаж, хоёр улсын их сургуулийн дипломтой төгсөнө. Монголд суралцах 2.5 жилийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд тус сургалтын 1 кредитийн үнэлгээг ШУТИС-ийн кредит үнэлгээтэй дүйцүүлэн тооцно.

Нээлттэй илтгэлд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан тэргүүтэй яамны төлөөлөл, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нар, хамтарсан судалгааны багуудын төлөөлөл, “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд суралцаж буй оюутан залуус, бизнесийн төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ