МУИС нээлттэй цахим хичээлийг олон улсын платформд байршуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-04-23 10:54:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Сургууль нийтэд нээлттэй цахим хичээл буюу МООС бүтээж олон улсын платформд байршуулжээ.


Ингэхдээ улсынхаа онцлог, дэлхийн суралцагчдын анхаарал сонирхлыг зүй ёсоор татах нүүдэлчдийн археологийн сэдвээр Монгол Улсын их, дээд сургуулиудаас анх удаа олон улсын платформд нийтэд нээлттэй цахим хичээлийг бүтээсэн байна.  


“Archaeology of Past Nomads on the Mongolian Steppe” нэртэй нийтэд нээлттэй цахим хичээлийг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Жаргалан заасан бөгөөд дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг, 195 орны 20 сая хэрэглэгчтэй Future Learn платформд байршуулсан юм.

Тус цахим хичээлийг 1 сарын 39.99 ам.долларын үнээр үзэх боломжтой. 


МООС буюу нийтэд нээлттэй цахим хичээл нь цаг хугацаа, орон зай, санхүүгийн болон бусад хязгаарлалтаас үл хамааран боловсролыг хүртээмжтэй олгох, технологид суурилсан шинэ эриний суралцагчдад хүрч ажиллах хамгийн сайн жишээ болон хөгжиж байна. Дэлхийд эрэмбээрээ тэргүүлэгч их сургуулиуд нийтэд нээлттэй цахим хичээлийг насан туршийн боловсрол олгоход хамгийн тохиромжтой арга хэрэгсэл хэмээн үзэж байна. Түүнчлэн нийтэд нээлттэй цахим хичээлээр дамжуулан их сургуулиуд орлого бүрдүүлэх, технологийн туршилт, сургалтын шинэ арга барилыг нэвтрүүлэх замаар судалгаа, хөгжлийн шинэ чиглэлүүд гаргах, хамтын ажиллагааг хөгжүүлж дижитал эрин үеийн тогтвортой байдал, өсөлтөд эерэг хувь нэмэр оруулж байгаа юм.  



Холбоотой мэдээ