"Сэтгэлийн дэм" аянаар дулаан өвөлжих боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-09-24 21:13:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Өөрийн гэх тогтвортой орлогогүй, тохь тух муутай гэрт аж төрдөг  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ж.Мөнхжаргалд туслах аяныг тус сумын иргэн Б.Мөнхдалай  гаргаснаар  “Сэтгэлийн дэм” аяныг өрнүүлжээ.

Аянд Хөвсгөлийн 20 залуу гар бие оролцож эд материалын тусламж дэмжлэг үзүүлж гэрийн тооно, унь, дээвэр туурга, цаваг, яндан, зуух хулдаас дээл хувцас , хоол хүнс зэргийг нь бэлтгэн өгсөн бол 650  гаруй иргэн талархал илэрхийлж сэтгэлийн дэм хайрласан байна.

Түүнд туслах ах дүү байхгүй, гэр нь бүрээс муутай, тохь тухгүй байсан бөгөөд тэрээр  хоёр дахь түүхий эд цуглуулах, тэрэг түрэх байдлаар  амьдралаа залгуулдаг байжээ. Сайн санаат хүмүүс тусалснаар Ж.Мөнхжаргал гуай энэ өвлийг өнөтэй, дулаахан гэрт дулаан хувцастай сэтгэл амгалан өвөлжих боллоо.

Тус аймгийн хэмжээнд 2018 оныг “Ахмад настанаа дээдэлж-Амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд төрийн байгууллага төдийгүй ард иргэд  ядарч яваа нэгэндээ сэтгэлийн дэм харамгүй хайрлаж, ахмадууддаа баярлуулж буй.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ